Миний эх орон Хэнтий
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар хууль сахиулах байгууллагын удирдлагуудыг санал болгодог. Тухайлбал, Цагдаагийн төв байгууллага /ЦЕГ/-ын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлдөг билээ.
Тэгвэл хууль хүчний байгууллагын зарим удирдлагуудад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн улс төрийн тойрог, төрж өссөн нутаг болох Хэнтий аймгийн гаралтай хүмүүс томилогдсон нь анхаарал татаж байна.
Мөн мөрдөн шалгах ажиллагаанд зарим улс төрчид нөлөөлдөг юм биш биз гэх хардлагыг төрүүлж байгаа юм. Учир нь АТГ, ЦЕГ-ын удирдлагуудад Хэнтий аймгийн хүмүүс томилогдсон санамсаргүй тохиолдол биш байж магадгүй юм.
Тодруулбал : АТГ-ын дарга З.Дашдаваа Хэнтий аймгийн харьяат бөгөөд ажлын гараагаа 1995-1996 оны хугацаанд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгчөөр эхлүүлж байжээ. Мөн ЦЕГ-ын дарга Ж.Болд 1976 онд Хэнтий аймагт төржээ. Тэрээр ажлын гараагаа 1996-2001 онд Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар эхлүүлжээ. Мөн Ж.Болд нь ЦЕГ-ын даргын албан тушаалд томилогдохоосоо өмнө /2017-2019 оны хугацаанд/ Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын даргаар ажиллаж байжээ.
Цаашлаад Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Хэнтий аймгийн гаралтай бөгөөд тэрээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй хамаатнууд юм.
Товчхондоо бол Ерөнхий сайд, Хууль зүйн сайд, АТГ-ын дарга, ЦЕГ-ын даргаар нар нэг нутгийн гаралтай хүмүүс ажиллаж байгаа нь хууль сахиулах, мөрдөн шалгах ажлуудад ашиг сонирхлын зөрчил үүсдэг байж магадгүй гэх хардлагыг төрүүлж байгаа юм.
Харин Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.3.3.4-т ‘’Иргэдийг үндэс угсаа, шашин шүтлэг, үзэл бодлоор ялгаварлан гадуурхах, нутгархах үзлийг дэврээх, энэ шалтгаанаар хүний эрх, эрх чөлөөг зөрчих, улмаар үндэсний эв нэгдлийг сарниулж, дотоодын тогтворгүй байдалд хүргэж болох илрэлтэй хатуу тэмцэл хийнэ’’ хэмээн заажээ.