Х.Нямбаатар: Рио Тинто-той хэлэлцээр хийж байгаа үед “ЗГ огцор” гэх нь ЭХ ОРОНЧ ҮЙЛДЭЛ биш

Монгол Улсын Засгийн газар Рио тинто-ин хэрэгжүүлж буй Оюутолгой төсөл, хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах  хэлэлцээ хийж байгаа. Хэдхэн хоногийн өмнө Рио Тинто талаас  Монгол Улсын Засгийн газрын эзэмшиж буй хувьцаанд ногдох зээл болох 2.3 тэрум ам.долларын 70 хувь буюу 1.6 тэрбум ам.долларыг тэглэх санал гаргасан гэх мэдээлэл цацагдаад байгаа.

Өнөөдөр 14:00 цагаас Хууль зүй, дотоод хэргийн яаманд “Оюу толгой” группийн зэсийн группийн захирал Б.Болд тэргүүтэй хүмүүстэй Засгийн газраас томилогдсон Ажлын хэсгийнхэн  уулзаж  Рио тинто талаас ирүүлсэн саналыг  ярилцахаар товложээ. 

Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас Рио Тинто-оос  ирүүлсэн саналд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.

Тэрбээр “Өчигдөр “Рио Тинто” группээс дараах дөрвөн заалт бүхий саналыг Монгол Улсын Засгийн газарт тавьсан. Үүнд:

  • Нэгдүгээрт, ирээдүйд 22 тэрбум төгрөгийн өр үүснэ гэдэг санхүүгийн тооцоолол гарсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын 34 хувьд бичигдэх 1.4 тэрбум ам.долларын өрийн бичилт хийгдсэн. Энэ нь 2009 оноос хойших 12 жилийн хугацаанд хүү, нийлмэл хүүгийн хамт 2.3 тэрбум ам.долларын өр болсон. “Рио Тинто”-гийн зүгээс 2.3 тэрбум ам.долларын өрийн 70 хувь буюу 1.6 тэрбум ам.долларыг тэглэе гэдэг санал ирүүлсэн. Ингэснээр ашиг, ногдол ашиг, ААН-ийн орлогын албан татвар, санхүүгийн тооцооллын хувьд наашлах боломжтой гэдэг санал тавьсан.
  • Хоёрдугаарт, далд уурхайн бүтээн байгуулалт хойшилсон нь цар тахлын хүнд үед сайнгүй үр дагавар авчирч байна. Үүнтэй холбогдуулан нэг их наяд төгрөг буюу 350 сая орчим ам.долларын төлбөр өгье гэдэг саналыг Засгийн газарт ирүүлээд байна. Энэ мөнгийг гурван жил дараалж шилжүүлэх бөгөөд ямар нэг татвар, ногдол ашигт хамаарахгүй гэдгээ тодотгосон.
  • Гуравдугаарт, Далд уурхайн бүтээн байгуулалтын зардлыг 5.4 тэрбум ам.доллароор төлөвлөсөн. Энэ уурхайн бүтээн байгуулалт цаг хугацааны хувьд хойшлоод байгаа. Үүндээ хүлцэл өчөөд 5.4 тэрбум ам.доллароос дээш зардал хэтэрсэн хэтрэлтэд менежментийн төлбөр авахаа больё гэдэг санал ирүүлсэн. Мөн далд уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлттэй холбоотойгоор 2028 он хүртэлх хугацаанд баталгааны шимтгэл буюу 1.9 хувийнхаа шимтгэлийг авахгүй зогсоох саналаа давхар ирүүлж байна.
  • Дөрөвдүгээрт, бид зардлын хэтрэлтийг нэмж баталж байж хөрөнгө оруулагч нараас далд уурхайн бүтээн байгуулалтыг цаашид үргэлжлүүлэх зардлыг авна.  Ингэснээр 2022 онд далд уурхайн бүтээн байгуулалтаа дуусгаж, олборлолтын ажлаа эхлүүлэх боломж бүрдэнэ гэдэг санал тавьсан.

Улс төр хэлэлцээрийн бүх арга хэрэгслийг ашиглаж гэрээг сайжруулах чиглэл рүү явж байна. Сүүлийн үеийн жагсаал, цуглаан Засгийн газрыг огцор гэх зорилготой байгаа нь Оюу толгойн гэрээнд нөлөөлөх гэсэн зүйл болж байгаа. С.Ганбаатар гишүүн шиг Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруул гэж суулт хийсэн бол өөр хэрэг.

Ямар ч шалтгаан байхгүй Засгийн газраа огцор гэж байгаа нь эх оронч үйлдэл биш. Хэлэлцээр тодорхой төвшинд урагштай байгаа. Гэхдээ бидний хүсч байгаа хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах тал дээр өнөөдрийг хүртэл өөрчлөлт оруулах асуудал гаргаагүй байна.

Сүүлийн үед хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулж, “Рио Тинто”-д Засгийн газраас үзүүлж байгаа шахалтыг саармагжуулах зорилготой элдэв жагсаал цуглаан, акц явагдаж байгаа нь илэрхий болоод байна. Хэлэлцээр хийж байгаа Засгийн газраа ямар нэг шалтгаангүйгээр огцор, тар гэж шаарддаг. Жагсаж, цуглаж байгаа хүмүүс нь хилээ хаагаад 200 “Бойнг” онгоц нисгээд аялал жуулчлалаа хөгжүүлж сайхан амьдаръя гэдэг зүйл шаардаж байна. Энэ бол хоёр талаасаа эрчтэй явагдаж байгаа хэлэлцээрийг эрчийг бууруулах гэсэн  оролдлого  гэж харж байна” гэлээ.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Бид үүнээс илүү саналуудыг хэлэлцээрийн явцад тавьсан. Ялангуяа 10-аад хоногийн өмнө. Дээрх дөрвөн саналыг ажлын хэсгээр хэлэлцэж, Ерөнхий сайдад танилцуулна. Бид өмнө нь тавьсан саналаа ахиад тавина гэдэг байр суурьтай байгаа” гэдэг хариулт өглөө.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *