Харуулын даргаа буудан хөнөөсөн цэрэгт 11 жилийн ял оноолоо
Говь-Алтай аймгийн Алтай сум дахь хилийн 0214 дүгээр ангийн … дугаар заставт үүрэг гүйцэтгэж байсан байлдагч О.Хатантэнгис, Т.Мөнгөншагай нарт холбогдох хэргийг тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцлээ. Тэд энэ оны дөрөвдүгээр сарын 8-нд харуулын даргаа буудаж хөнөөгөөд, буу, байлдааны сумтай оргон Аж богдын нурууны салбар ууланд бүгэж байгаад тухайн сарын 11-ний өглөө баригдсан ноцтой хэрэг гарсан.
Тэдэнд Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 10.1-2.4 дэх хэсгийн “Өөр гэмт хэргийг хялбарчлах, нуун далдлах зорилгоор хүний амь бүрэлгэсэн”, 17.2-3.2-т заасан “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж эд хөрөнгө дээрэмдсэн”, 28.5-1-ийн “Цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан”, 28.7-2-ын “Цэргийн алба хаагч өөрт нь итгэмжлэн хариуцуулсан байлдааны зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг үрэгдүүлсэн”, 28.15-1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хил хамгаалах манааны бүрэлдэхүүнд орсон цэргийн алба хаагч хил хамгаалах хууль, түүний дагуу гарсан дүрэм, журмыг зөрчсөн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм.
Улмаар даргыгаа буудан хөнөөсөн цэрэгт 11 жилийн хорих ял, нөгөөд нь зорчих эрхийг 1 жилийн хугацаагаар хязгаарлах ял оноожээ.