Комедиан Д.Амартүвшин зөрчлийн хуулиар 500 мянган төгрөгөөр торгууллаа
Комедиан Д.Амартүвшин-ний шүүх хурал өнөөдөр боллоо. Тэрээр шүүхээс цар тахлын үед олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулсан гэх шалтгаанаар зөрчлийн хуулиар 500 мянган төгрөгөөр торгуулах шийдвэр гаржээ. Шүүхийн шийдвэрийн талаар Д.Амартүвшингээс тодруулга авав.
Тэрээр, “Найман сарын эхээр миний шүүх хурал болсон. Хэргийн материалтайгаа танилцаад нотлох баримт хангалтгүй байна гэсэн шалтгаанаар хойшилсон. Түүнээс хойш ор сургаггүй алга болсон шүүх хурал энэ долоо хоногийн нэгдэх өдөр над руу холбогдон шүүх хуралтай гэж мэдэгдсэн.
Өнөөдрийн шүүх хурал дээр нөгөө нэг материалууд нь яг өмнөх шиг ээ нотлох баримтын шаардлага хангаагүй байсан. Мэдүүлэг авсан хүнийхээ ч гарын үсэггүй байх жишээний. Ийм нотлох баримтын шаардлага хангаагүй баримт дээр үндэслэн Булгантамир бид хоёрыг зөрчлийн хуулиар 500 мянган төгрөгөөр торгуулах шийдвэр гарсан.
Би хуулиа дээдэлдэг хүн. Хуулиа дагана. Улбар шар дэглэмд 60 гаруй хүнтэй 3 метрийн хүн хоорондын зайтай үйл ажиллагаа явуулж байхад хэдэн мянган хүн цуглуулаад, махан овоо босгосон эрх мэдэлтнүүдтэйгээ хариуцлага тооцох биз дээ. Сайд дарга нар нь хүн цуглуулж болдог, энгийн иргэд болдоггүй. Иргэдээ хуулиар дарамтлаад, торгодог, байн байна цагдаа дээр дууддаг, мэдүүлэг авдаг байж бусад сайд дарга нараа яг над шиг торгоорой”