Төрийн албан тушаалтны бэлгийн дарамтын талаар мэдээлэн сураггүй болсон тамирчин Пэн Шуайн захидлыг нийтэлжээ
Нэгэн үе дэлхийд чансаагаараа нэгт бичигдэж байсан газрын теннисний тамирчин Пэн Шуай хоёр долоо хоногийн өмнө Хятадын Коммунист Намын өндөр албан тушаалтны бэлгийн дарамтын талаар сошиал хуудсандаа анх зарлаж байв.
Тэрбээр Хятадын ерөнхий сайдын орлогч асан, ХКН-ын улс төрийн товчооны гишүүн асан эрхэм өөрт нь бэлгийн дарамт үзүүлж, олон жилийн турш нууц харилцаатай явахад хүргэсэн тухай өөрийн Вэйбо хуудсанд илчилж байжээ.
Түүний мэдэгдэл удалгүй устгагдаж, тамирчин эмэгтэйн талаар ямар ч мэдээлэл олдохгүй болж, сураг тасарсан юм. Хятадын интернэт орчинд Пэн Шуайтай холбоотой агуулгуудыг хориглож, хайлтын системд хязгаарлалт тавьж байв.
Ням гарагт Дэлхийн Эмэгтэйчүүдийн Теннисний Холбооны (WTA) ерөнхийлөгч Стив Саймон уг асуудлын мөрөөр шалгаж, Пэн Шуай хаана байгаа талаар мэдээлэл өгөхийг Хятадын талаас шаардсан агуулгатай мэдэгдэл гаргаж байсан юм.
Тэгвэл өчигдөр Хятадын төв телевизийн сувгийн твиттер хуудсанд Стив Саймонд илгээсэн Пэн Шуайн захидлыг нийтэлжээ.
Уг захидалд “Бэлгийн дарамтын тухай WTA байгууллагын сайтад нийтлэгдсэн мэдээлэл үндэслэлгүй юм. Энэ мэдээллийн агуулгыг би хянаагүй, надаас хэн ч санал аваагүй. Би алга болоогүй, эсэн мэнд байгаа. Миний хувьд бүх зүйл хэвийн, гэртээ амарч байна. Надад санаа тавьсанд баярлалаа” гэж бичсэн байна.
WTA байгууллагын ерөнхийлөгч Стив Саймон энэхүү захидлыг нийтлэгдсэний дараа ярихдаа “Хятадын хэвлэлд гарсан захидал миний санааг улам зовоолоо. Уг захидлыг Пэн Шуай өөрөө бичсэн гэдэгт итгэхэд хэцүү. Пэн Шуай маш их зориг гаргаж, Хятадын засгийн газрын өндөр албан тушаалтан асны бэлгийн дарамтын хэргийг илчилсэн. Тамирчин эмэгтэй аюулгүй байдалд байгаа эсэхийг WTA болон дэлхий нийт мэдэхийг хүсэж байна. Би түүнтэй холбоо барих гэж олон удаа оролдсон ч амжилттай болсонгүй. Түүний илчилсэн хэргийг ил тод, нээлттэй шалгаж, үнэн зөвийг тогтоох ёстой” гэжээ.
Эх сурвалж: The Guardian