ЦЕГ : МХЕГ -ынхныг эмч нар дагаж явсан хойгуур жирэмсэн эмэгтэй эндсэн хэрэг гарчээ
Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт жирэмсэн эх эмнэлгийн тусламж авч чадалгүй өөрөө төрж, улмаар нас барсан байж болзошгүй хэрэг гарчээ.
Тодруулбал, Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт мэргэжлийн хяналтын газрын алба хаагчид шалгалтаар очих үед эмнэлгийн эмч, ажилчид нь дагаж явж байх зуур төрөхөөр очсон байсан жирэмсэн эх эмчийн тусламж авч чадалгүй хүүхдээ өөрөө эх барьсан байна. Ингэхдээ хүүхдээ өөрөө эх барьсан ээжийг эмч сувилагчид нь анзаарахгүй байсаар нас барсан гэх мэдээлэл олон нийтэд цацагдаад байгаа юм.
Энэ талаар Архангай аймгийн ЭМГ-аас тодруулахад “Тухайн үед олон нийтэд цацагдаад буй шиг нөхцөл байдал ч үүсээгүй. Гэхдээ энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Тухайн эмэгтэйн нас барсан шалтгаан тодорхой болсны дараа холбогдох байгууллагууд нь мэдээлэл өгнө” гэлээ.
Харин тус хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төвөөс тодруулахад “Цагдаагийн байгууллага 2021 оны 11-р дүгээр сарын 11-ний 19:55 минутад Архангай аймагт “төрөх тасагт хүн нас барсан байна” гэх мэдээллийг авсан. Амь хохирогчийн нас барсан шалтгааныг тодруулахаар Архангай аймаг дахь Цагдаагийн газар холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна” гэв.