Энэтхэг : Усны сувагт хаягдсан тав хоногтой нярайг муур аварчээ
Энэтхэгийн Мумбай хотод ус зайлуулах сувагт дөнгөж төрөөд тавхан хонож буй бяцхан охиныг хаясан байсныг олжээ. Охиныг цагдаа нар нэн даруй эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийн байдал нь одоогоор тогтвортой, эмч нар үргэлжлүүлэн ажиглаж байна гэжээ.
Цагдаагийн мэдээлснээр муурнууд замын дэргэд цуглаж, чанга дуу гарган шуугиж, исгэрцгээсний дараа оршин суугчид очиж үзэхэд хүүхэд байжээ. Албаны хүмүүс охиныг хэн, хэрхэн ус зайлуулах сувагт хаясныг мөрдөн шалгаж байна.
Цагдаа нарыг ирэхэд бяцхан охин сувагт хэвтэж байсан ба түүнийг хувцсаараа ороож, эмнэлэгт хүргэжээ. Охиныг гаргаж ирэхэд бараг мөс шиг хүйтэн болчихсон, хоёр гар нь хөхөрчихсөн байжээ.
Үүнтэй төстэй явдал Энэтхэгт ховор тохиолддоггүй. Нийгэмд хөвгүүдийг охидоос илүү үзэж, ялгаварлан гадуурхах хандлага их байдаг тул охин хүүхдийг хаях нь элбэг. Ядуусын дунд охидыг ачаа дарамт мэтээр үзэх нь нийтлэг ажээ.
Хоёр жилийн өмнө дөнгөж төрсөн нярайг шавар саванд хийж, амьдаар нь булсан байсныг Уттар Прадеш мужийн Барэйли тосгоноос олсон. Мөн 2016 оны өвөл нийслэл Дели хотод нярайг нүцгэнээр нь гялгар уутанд хийж хаясан байсан юм. Энэ жилийн зургадугаар сард Уттар Прадеш мужид Ганга мөрөнд хөвж байсан цаасан хайрцагнаас нялх хүүхэд олж аварсан зэрэг олон тохиолдол бий ажээ.
Эх сурвалж: ВВС