“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян” улс орон даяар эхэллээ
Өрх гэрт төдийгүй, байгууллага, олон нийтийн газар эмэгтэйчүүд, охид, хөвгүүдийг хүчирхийлэх нь тэдний бие махбодь, сэтгэл санаа, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндэд сөрөг үр дагавар учруулж, хүний эрхийг нь ноцтой зөрчсөн үйлдэл болохыг Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын энэ өдөр Монгол дахь НҮБ-ын 11 төрөлжсөн байгууллага бүгд хамтдаа дахин мэдэгдэж байна. Хүчирхийллийн ноцтой тохиолдолд хүмүүс амь насаа алдах явдал гардаг. Иймд яг одоо хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох ёстой.
Монголд анх 2017 онд үндэсний түвшинд явуулсан жендэрт суурилсан хүчирхийллийн тархалтын судалгаанаас үзэхэд хоёр эмэгтэй тутмын нэг нь амьдралдаа жендэрт суурилсан хүчирхийлэлд дор хаяж нэг удаа өртсөн, гурван эмэгтэй тутмын нэг нь судалгаа авахын өмнөх жилд хүчирхийлэлд өртсөн байна.
Мөн 2017 онд Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссын хийсэн судалгаагаар эмэгтэйчүүд, залуучууд ажлын байранд хүчирхийлэл, дарамтад өртөх явдал цөөнгүй байгаа нь тогтоогдсон харамсалтай судалгаа бий.
2030 онд хүрэх Тогтвортой хөгжлийн зорилтын нэг болох жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоож, жендэрийн тэгш байдлыг хангах зорилтыг тус улсад хэрэгжүүлэхийн төлөө Монгол дахь НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд үргэлжлүүлэн ажилласаар байна гэдгээ мэдэгдсэн юм.