“Бүрдэл майнинг” хэмээн нэрээ өөрчилсөн “Эко Алтан заамар” ХХК-ын уурхайд осол гарч нэг хүн амиа алджээ

“Бүрдэл Майнинг ХХК”-ийн Төв аймгийн Заамар суманд байрлах Баянгол төслийн уурхайд осол гарч нэг уурхайчин амиа алджээ.

Тус компани нь Төв аймгийн Заамар сум, Булган аймгийн Бүрэг хангай суманд тус тус үйл ажиллагаагаа явуулдаг аж. Эх сурвалжийн мэдээлснээр “Бүрдэл Майнинг” компани нь  2019 оны 3-р сард  4 хүний амь нас эрсэдсэн осол гарсан “Эко Алтан Заамар” ХХК аж. Тус компани ослын дараа ийнхүү нэрээ өөрчлөн “Бүрдэл майнинг” болжээ.

 

Мөн тус компани нь ажилчидтайгаа гэрээ хийдэггүй, гэрээ хийсэн ч гэрээний нэг хувийг өгдөггүй, хоол, байрлах байр нь чанарын шаардлага хангаагүй, ХАБЭА-ын дагуу ажлаа хийдэггүй зэргээр уурхайчдын эрх ашгийг зөрчдөг талаар эх сурвалж бидэнд мэдээллээ. Тус компани хориотой бүс гэдэг шалтгаанаар осол аваар, ажилчдын эрхийг зөрчиж буй үйлдлээ нуун дарагдуулдаг гэнэ

Энэ талаар “Геологи, Уул уурхайн хөгжлийн Тэмүүлэл Холбоо” НҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга Б.Ононхангай “Уурхайн компаниуд осол бүрийг иргэд, хэвлэл мэдээлэл, бусад уурхайчдаас нуун далдалж байгаа нь уурхайчин залуусын амь насыг улам баталгаагүй болгож байна.

Энэ асуудлаар бид салбарын сайд, УОК-д хандаж уурхайчдын аюулгүй байдал алдагдаж, амь нас дээсэн дөрөөн дээр байгаа талаар хүсэлт, шаардлага хүргүүлж байсан. Харамсалтай нь бидний шаардлагыг огт хүлээж аваагүй, тоогоогүй. Үр дүнд нь 2021 оны 1-р сараас эхлэн Оюу Толгой компанийн уурхайчид амь нас эрүүл мэндээрээ хохирч, залуус ар араасаа нас барсан осол гарлаа. Шалтгаан нь ажлын ачааллын улмаас ухаан алдах, гэнэтийн зүрх зогсох зэргээр эрүүл мэнд, амь насаараа хохирч байна.   

Одоогийн байдлаар “Бүрдэл Майнинг” компанийн Баянгол төслийн уурхай дээр осол гарч 1 хүний амь нас эрсэдсэн. Бүрдэл Майнинг” компанийн Баянгол төсөл гэдэг нь хуучин “Эко Алтан Заамар” гэх компани. Энэ компани 4 уурхайчин залуу амиа алдсаны дараа нэрээ “Бүрдэл Майнинг” гэж солиод, уурхайгаа “Баянгол” гэж өөрчилсөн.

 

Манай ТББ хэвлэл мэдээллийн байгууллагатай нийлээд хэд хэдэн удаа тус компаниас “Уурхайчдын байрлаж буй кэмп ямар ч чанарын шаардлага хангаагүй, угаартах эрсдэлтэй талаар асуудал тавьж байсан. ХАБЭА болон орчноо сайжруулж хүмүүсийн амь нас эрсдэхгүй байх баталгаа олгооч” гэж х шаардсан ч хариу өгдөггүй.

Очих бүрт нэг ч дарга байдаггүй, менежер нь гарч ирээд ч мэдээлэл өгдөггүй. “Бүрдэл Майнинг” компанид ХАБЭА-ын даргын албан тушаал хашдаг н.Мөнгөн гэх хүнээс удаа дараа шаардсан ч тэр хүн нэг ч удаа хариу өгч байгаагүй.

Тэр хүн ажлын маш том хариуцлага алдаж, 4 сайхан залуу амь эрсэдчихээд байхад “Баянгол” уурхай хариуцсан дарга болж тушаал дэвшсэн байна. Гэтэл  хөдөлмөрийн чадвараа алдсан залуус сэтгэл зүйн болон санхүүгийн хүнд байдалд байна. Энэ байдлаараа маргааш хүн үхэхгүй гэсэн баталгаа байхгүй. Авилгал аваад хувийн хэвшилтэйгээ нийлж төр өөрөө бүх хэргийг нуун дарагдуулж өнгөрснөөрө дараа дараагийн мянга мянган уурхайчдын амь нас эрсдэлд орлоо.

Баттай эх сурвалжийн мэдэллэснээр 2022 онд энэ төсөл дууссаны дараа Бүрдэл майнинг ХХК дампуурлаа зарлаж, 2 жил гаран төлөөгүй уурхайчдын нийгмийн даатгал, улсад төлөөгүй татвар зэргээ цайруулах магадлалтай байна. Сэлэнгэ, Баянхонгорт 2 ч лиценз авсан тухай мэдээлэл авсан” гэлээ.

“Геологи, Уул уурхайн хөгжлийн Тэмүүлэл Холбоо” ТББ  “Бүрдэл майнинг” ХХК-ийн ажилчдын эрүүл мэнд, амь нас эрсдэлд орж байгаа асуудлаар Мэргэжлийн хяналт, хуулийн байгууллага, Уул уурхай хүнд үйлдвэрийн яаманд шаардлага хүргүүлэх аж.

И.ЭГШГЭЛЖИН 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *