“Нийтийн тээврийн 500 автобус оруулж ирэх асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандана”
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нийтийн тээврийн шинэчлэлтийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Нийтийн тээврийн тоог нэмэх туйлын сонирхолтой байгаа. 2021 онд 60 автобусанд тендер зарласан ч одоог хүртэл нэг ч автобус авч чадаагүй. Энэ нь хоёр аж ахуйн нэгжийн хоорондын маргаанаас үүдэлтэй асуудал. Үүнээс болж энэ онд багтаж 60 автобусаа авах хугацаа байхгүй болсон.
Одоо 500 автобус оруулж ирэх тендер зарлавал эрх мэдэлтнүүд нь ажил хийж байгаа хүмүүсээ дарамтлаад нийтийн тээврийн парк шинэчлэлт зөв явах магадлал маш бага байна. Тиймээс бид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд 500 автобус оруулж ирэх асуудлыг оруулж, шууд гэрээ хийх боломжоор нь хангах бололцоог судалж байна.
Түүнээс гадна, УИХ, Засгийн газарт Тендерийн тухай хуулийг ойлгомжтой болгож өгөх асуудлыг хөндөнө. Уг хуулиас болж Улаанбаатар хот дандаа хугацаа алддаг.
Улаанбаатар хотын ажил зарим төрийн хүнд суртал эсвэл аж ахуйн нэгжүүдийн хоорондын маргаанаас болж урагшилдаггүй. Энэ бол гашуун бөгөөд бодит үнэн.
Нийслэл хотод одоогоор стандартын хугацаа нь дууссан 537 автобус байна. 2009 оноос хойш нийтийн тээвэрт ямар ч олигтой шинэчлэлт хийгээгүй. Мэргэжилтнүүд ашиглалтын хугацааг дахиад жилээр сунгах боломжтой гэсэн дүгнэлт гаргасан. Энэ нь автобус бол өндөр эрсдэлтэй гэсэн үг.
Бид одоо байгаа ашиглалтын хугацаа нь дууссан автобуснуудыг сольж, тоог нь нэмэх хүсэлтэй байвч хуульд баригдаад эсвэл том компаниудын лобби ороод шинэчлэлт хийж чадахгүй байна” хэмээн ярив.