Шүүгчид нэр дэвшигчдийн мэдээллийг авч эхэллээ
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 14 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж, нэр бүхий хуульчдыг бүртгэжээ.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь заалтад заасны дагуу олон нийтээс мэдээлэл хүлээн авах ажиллагааг эхлүүлсэн байна. Тус хуулийн 11.6-д “Нэр дэвшигчийн талаар олон нийтээс хуульд заасан шаардлага хангасан хэлбэрээр ирүүлсэн мэдээллийг нягтлан шалгаж, бодитой санал дүгнэлт гаргаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдэд Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын алба танилцуулна” гэж заасан юм. Нэр дэвшигчдэд холбогдох мэдээллийг өчигдрөөс буюу хоёрдугаар сарын 25-ны өдрөөс Мэргэшлийн хорооны ажлын албанд и-мэйл / maral@judcouncil.mn / хаягаар эсхүл баталгаат шуудангаар авч эхэлсэн байна.
Иргэд нэр дэвшигчдийн талаарх өргөдөл, гомдолтой холбоотой мэдээллийг гаргахдаа тавигдах дараах шаардлагыг хангасан байх ёстой юм.
Иргэн өргөдөл, гомдол гаргахдаа овог, нэр, буцах хаяг /цахим шуудангийн хаяг/, утасны дугаар зэргийг тодорхой бичиж гарын үсэг зурсан байх;
Өргөдөл, гомдолд дурдагдсан асуудал болон бусад хавсаргасан баримт бичиг үнэн зөв байх.