Э.Ананд хүү 6 удаагийн хими эмчилгээнд орсон ч эмчилгээний зардалгүй болжээ
Багана нурууны түрж ургасан хүнд хэлбэрийн хавдартай болох нь оношлогдсон найман настай Э.Ананд хүү монголчуудын цуглуулсан хандиваар ээжийн хамт эмчлүүлэхээр БНСУ-ыг зориод багагүй хугацаа өнгөрч байна. Тэгвэл Э.Ананд хүү зургаан удаагийн химийн эмчилгээ хийлгэсэн ч хавдар эдгээгүй үүдэл эс суулгах шаардлага үүссэн байна.
Хүүгийн биеийн байдлын талаар түүний ээж н.Даваа “Хүүгийн минь хавдар зургаа дахь удаагийн химийн эмчилгээгээр дуусаж, бүрэн эдгэх байх гэж найдаж байлаа. Харамсалтай нь, санаснаар болоогүй учир үүдэл эс шилжүүлэн суулгах шаардлагатай боллоо.
Энэ хүртэлх эмчилгээний зардал нийтдээ 234 сая вон буюу монгол мөнгөөр 560 гаруй сая төгрөг болсон. Гэтэл одоо үнэхээр заръя ч гээд зарах, барьцаалъя ч гээд барьцаалах зүйлгүй боллоо. Мэдээж гадаад орны эмнэлгүүдийн жишгээр төлбөр хасах руугаа ороод их болох тусам эмчилгээг зогсоохоос өөр аргагүйд хүрнэ гэсэн.
“Нэг дор их хэмжээгээр биш ч гэлээ бага багаар, мөнгөө байршуулаад явна” гэдгээ эмнэлгийнхэнд хэлж, хүүгийн минь “Эмчилгээг битгий зогсоогоорой” гээд санхүүгийн албанд нь хүсэлтээ гаргачихсан байгаа. Хүний нутагт хоёулахнаа байгааг ч хэлэх үү, ээж хүү хоёрт дахиад л монголчуудаасаа тусламж хүсэхээс өөр арга үлдсэнгүй. Энэ хүртэл явсан юм чинь хүүгээ эрүүл болохыг хармаар байна. Төлбөргүйгээс болоод хүүгийн минь эмчилгээ тасалдаж, бид хоёр эмнэлгээсээ гарах болох вий гэж үнэндээ айж байна. Монголчууд та бүхнийг хүү бид хоёрт дахин тусалж, амьдрал бэлэглэхийг чин сэтгэлээсээ гуйж байна” гэжээ.
Сайхан сэтгэлт Монголын ард түмэн та бүхнийг найман настай Э.Ананд хүүд амьдрал бэлэглэхийг чи сэтгэлээсээ хүсч байна.