“Мөнгө авахын тулд чимээгүй байгаа гэдэг Ж.Одгэрэлийн мэдээлэл ор үндэсгүй”

Гал унтраах 63 дугаар ангийн гал унтраагч Э.Мөнхжаргал энэ сарын 3-ны өдөр 10.000 вольтын хүчдэлд цохиулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Талийгаачийн давхар биетэй үлдсэн эхнэр Ж.Одгэрэл БЗД-ийн Цагдаагийн хэлтсийн үүдэнд суулт зарлан олон нийтэд нөхрийнхөө амиа алдсан бичлэгийг ил болгохыг шаардаж байгаа аж.

Харин энэ талаар талийгаачийн гэр бүл өөр байр суурьтай байгаа бөгөөд өнөөдөр /2021.12.15/ нээлттэй хэвлэлийн бага хурал хийж, бодит мэдээллийг өглөө.

Э.МӨНХ-ЭРДЭНЭ:  Ж.ОДГЭРЭЛ АХЫН МААНЬ ЦОГЦОСНЫ ТАЛААР ЯРЬСНААС ААВ, ЭЭЖ ГҮН ШОКОНД ОРСОН 

Талийгаачийн төрсөн ах Э.Мөнх-Эрдэнэ “Манай гэр бүл ах дүү нар, төрөл төрөгсөд хүнээ алдсан хүмүүс дээрээс нь олон нийтийн сүлжээнд гараад буй асуудлаас болон сэтгэл санааны хүнд хохирол амсаж байна. Ж.Одгэрэл гэх бүсгүй бид нартай танилцаж, уулзаж байсан удаа байхгүй. 12 дугаар сарын 03-ны өдөр дүүгээ өнгөрсөн мэдээг сонсноод нагац ахтайгаа хамт очихдоо л анх удаа энэ эмэгтэйг харсан.

Бид гурав хамтдаа цогцос таниулах өрөөнд ороод дүүгээ харчхаад л гарсан. Гэтэл тэр эмэгтэй бүх ороосон ороолтыг нь аван, бүтэн биеийг нь харсан юм шиг олон нийтийн сүлжээнд цацаж байна. Гол нь ээж аав, ах дүүгээсээ нагац ах бид хоёр талийгаачийн цогцосны талаар нуусан байсан.

Харин Ж.Одгэрэл дүүгийн маань цогцсыг хуйхалсан толгой, тарваганы боодог  шиг байсан гэж ярьснаас  болж миний аав, ээж гүн шоконд ороод байна. Бид бүгдийг үнэхээр хэцүү байдалд оруулж байгаад харамсалтай байна” гэв.

Талийгаачийн дүү Э.Нандинчимэг: АХЫН МААНЬ ЗУРАГ, МЕДАЛИЙГ АВААД ЗУГТСАН 

“Талийгаачийн эхнэр гэж өөрийгөө танилцуулсан Ж.Одгэрэл гэх эмэгтэйг бид ахыг амиа алдсаны дараа л мэдсэн. Тухайн эмэгтэй гэрт ирж, ээж аав руу минь дайрч, зулын өмнө байсан ахын минь зургийг одон медальтай нь авч зугтсан. Талийгаачийн буянд гэж 900,000 төгрөг өгснөө буцаагаад авчихсан.

Дараа нь ахын минь эхнэр мэтээр жүжиглэж, хэвлэлд худал зүйл яриад яваад байгааг нь ойлгохгүй байна. Тухайн эмэгтэйг бид анх арванхоёрдугаар сарын 3-нд л мэдсэн. Өмнөх түүхийг нь сонсоход маш асуудалтай эмэгтэй байсан. Тухайн эмэгтэйтэй холбоотой асуудлыг бид цагдаагийн байгууллагад өгч шалгуулна” гэв.

Талийгаачийн нагац ах  “Арванхоёрдугаар сарын 3-ны өрийг хүртэл бид нар өмнө нь Ж.Одгэрэлтэй уулзаж байгаагүй. Талийгаачийн маань хайрлаж байсан эмэгтэй гээд бид харилцаа үүсгэхийг хүссэн ч  боломж олголгүй бид нарыг ор үндэсгүй гүтгэж байна. Ж.Одгэрэл нь хоёр, гурван жилийн өмнөөс олон нийтийн сүлжээнд ямар нэгэн сенсаци үүсгэн явдаг байсан эмэгтэй юм байна лээ. Хүүхэд зулбасан, хуучин найз залуу нь зодсон гэх мэт дандаа хар мэдээлэл цацдаг хүн байсан. Бид нарын талаар яриад байгаа бүх асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтээ өгсөн” гэлээ. 

Ж.ОДГЭРЭЛИЙГ  ХЭРГИЙН ОРОЛЦОГЧ БОЛЖ ЯВАХАД ХОРИГ  СААД ТАВИАГҮЙ 

Хохирогчийн ар гэрийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэхээр ажиллаж байгаа өмгөөлөгч н.Оюунцэцэг  “Өнөөдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мөрдөлтийн шатандаа явж байна. Үүнтэй холбогдуулан мэдээлэл хийх боломжгүй. Олон нийтийн сүлжээнд талийгаачийн амиа алдсан бичлэгт ийм ийм зүйл дүрслэгдсэн гэх мэдээлэлд хууль хяналтын байгууллага өөрсдөө тайлбар хийх байх. Бидний зүгээс хэргийн мөрдөх явцад шаардлагуудаа тавьж байгаа. Энэ мэдээлэл тараагаад байгаа хүмүүсийг ч шалгах хүсэлтийг бид өгсөн.

Ж.Одгэрэл өмнө нь жирэмслэх боломжгүй, хавдартай гэсэн мэдээллийг олон нийтийн сүлжээнд тарааж байсан юм байна. Тиймээс талийгаачийн гэр бүл энэ эмэгтэйг жирэмсэн эсэхэд  эргэлзэж байгаа. Өмнө нь тийм мэдээлэл тарааж байсан хүн одоо жирэмсэн болчихсон гэхээр гайхна.

Энэ хэргийн хувьд Ж.Одгэрэлийг хэргийн  оролцогч болоод явах ээсэхэд бидний зүгээс хориг саад хийхгүй. Албан журмаараа цагдаагийн байгууллагад хүсэлтээ гаргаад оролцож болох байтал хүсэлтээ албан ёсоор тавиагүй. Мөн нийгмийн сэтгэл зүйг өөрт ашигтай байдлаар эргүүлж хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцогч болохыг хүссэн санаа зорилготой үйлдлүүд хийж байна  гэж бид дүгнэж байгаа.

Мөн Ж.Одгэрэл гэх эмэгтэй хэвлэл мэдээллийн хэрэгслээр талийгаачийн ар гэрийнхэн онцгой байдлын газраас мөнгө авахаар тохиролцсон гэдэг зүйлийг хэлсэн. Энэ нь ор үндэсгүй мэдээлэл гэдгийг хэлье. Онцгой байдлын газраас талийгаачийн  оршуулгыг хийж өгснөөс өөр мөнгө төгрөгний тухай яриагүй.  Хэн буруутай нь тогтоогдоогүй учраас иргэний нэхэмжлэл гаргах  эрхзүйн үндэслэл бүрдээгүй” гэлээ.

Энэ асуудлаар 15:00 цагт ОБЕГ-аас мэдээлэл хийхээр хэвлэлийн хурал зарлаад байна. Харин талийгаачийн эхнэр гэж өөрийгөө танилцуулсан Ж.Одгэрэлийн зүгээс  Шадар сайд С.Амарсайхан Онцгой байдлын  албан тушаалтнуудад хариуцлага тооцно гэдгээ илэрхийлсэн учир суултаа түр  зогсоосноо мэдэгдээд байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *