Ц.Мөнхцэцэг: Судалгааны их сургууль бол нийгмийн сайн сайхны төлөө байх ёстой
Дээд боловсрол болон судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болж өндөрлөлөө.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Г.Дамдинням, БШУЯ, Дээд боловсролын газар, Монголд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн өмчийн бус их, дээд сургуулиудын төлөөллүүд, багш ажилчид, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллүүд оролцож, хуулийн төсөлд хүргүүлэх санал бодлоо хуваалцлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнхцэцэгийн хэлсэн үгийг хүргэж байна.
Тэрбээр “Их, дээд сургуулиудын багш, ажилчдын хувьд хэд хэдэн зарчмын зөрүүтэй саналуудыг хэлсэн. Миний хувьд ч тэдэнтэй санал нэг байгаа. Яамнаас өргөн барьсан хуулийн төсөл дээр УИХ-ын гишүүд, Ажлын хэсгийн ахлагчид мөн зарчмын зөрүүтэй саналтай байгаа.
Нэгдүгээрт, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн үзэл баримтлал интерпрёнер их сургуулийн үзэл баримтлалаар бичигдсэн. Бизнесийн чиглэлийн, судалгааны их сургуулийн бүтээлүүд заавал бизнесийн эргэлтэд орох ёстой гэх мэт. Гэтэл бидний зорьж байгаа Судалгааны их сургууль бол олон улсад өрсөлдөхүйц, академик болон эмпирик судалгааг аль алиныг нь хийдэг байх ёстой. Үүнээс гадна засаглалын хувьд тодруулах ёстой заалтууд нэлээд бий.
Олон улсын Хефейн тунхаглалд зааснаар Судалгааны их сургуулийн засаглал улс төрөөс хараат бус, академик зарчим, өрсөлдөөнөөр үйл ажиллагаагаа явуулдаг байх ёстой.
Мөн хамгийн том зарчмын зөрүүтэй санал бол Судалгааны их сургуульд төр ямар нэгэн байдлаар дэмжлэг үзүүлнэ гэсэн заалт ороогүй явдал юм. Хуулийн төсөлд санхүүжилтийг цэвэр тухайн сургуулийн орлого, оюутны сургалтын төлбөрөөс хийгдэнэ гэж заасан. Тэгсэн хэрнээ засаглал дээр нь төр хүчтэй орж ирэх зохицуулалтыг хийснийг өөрчлөх шаардлагатай.
Төр судалгааны их сургуулийн санхүүжилтийг авч явах ёстой гэж хэлэлцүүлгийн үеэр багш, эрдэмтэд хэлж байсан. Үүнтэй санал нэг байгаа. Судалгааны их сургуулийн үндсэн зорилго бол нийгмийн сайн сайхны төлөө байх ёстой. Тиймээс энийг зөвхөн оюутны сургалтын төлбөр дээр найдан үлдээж болохгүй. Тийм учраас энэ асуудал дээр маш их судалгаа шинжилгээ хийж байгаа.
Судалгаанаас харахад өнөөдөр дээд боловсрол дахь төрийн зардал маш бага байна. Сүүлийн 30 жилд боловсролын салбар дахь, тэр дундаа дээд боловсролд зарцуулах төсөв бага байгаагаас гадна хумигдаж ирсэн. Ийм нөхцөлд Монголын дээд боловсролыг дэлхийд өрсөлдөхүйц болгох, үндэсний боловсон хүчнээ бэлтгэх боломжгүй.
Тиймээс 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-ын гол амлалтын нэг бол дээд боловсролын зардлыг нэмэгдүүлэх, судалгааны их сургуулиудыг хөгжүүлэх юм. Тухайлбал, шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын судалгаа, шинжилгээний чадавхыг дээшлүүлж, эрдэм шинжилгээ, судалгаанд зарцуулах төсвийн зардлыг дөрөв дахин нэмэгдүүлнэ гэж заасан. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн амлалтад Төрийн өмчийн их, дээд сургуулиудын урсгал болон судалгааны зардалд төрөөс дэмжлэг үзүүлнэ гэж оруулсан. Үүнийг үндэслээд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр , Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл дээр орж ирсэн.
Өнгөрсөн жилүүдэд их, дээд сургуулиудын санхүүжилт маань оюутны сургалтын төлбөр дээр тогтож ирсэн. Харин ДНБ, инфляцийн өсөлт, ард иргэдийн амьжиргаанаас шалтгаалан сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүй байхыг бид ямагт шаардсаар ирсэн. Гэтэл энэ хэмжээнд дээд сургууль чанартай боловсрол явуулах боломж байхгүй байна.
Хүний нөөцийг татах, мэдлэг боловсролтой залуу боловсон хүчнүүдийг их сургуульд тогтоон барих боломж ч байхгүй байна. Тийм учраас бид Судалгааны их сургуулийг хөгжүүлэх, дээд боловсролд зарчмын томоохон реформ хийхээр зорьж байгаа бол дээрх өөрчлөлтүүдийг хийх ёстой” хэмээн онцоллоо.