“Дельта ба Омикрон хувилбараар зэрэг өвдсөн тохиолдлууд бүртгэгдэж байна”
Коронавируст халдварын шинээр мутацид орсон “Омикрон” хувилбар өнөөдрийн байдлаар дэлхийн 80 гаруй улсад бүртгэгдээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан ЭМЯ-наас өнөөдөр /2021.12.17/ 11.00 цагт омикрон хувилбарын талаар мэдээлэл хийж байна.
Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эрдэмтдийн багийн нарийн бичиг О.Батбаяр:
“Өнөөдрийн байдлаар “Омикрон” хувилбар дэлхийн 86 оронд бүртгэгдээд байна. “Омикрон” хувилбарын халдварлах чадвар урьд урьдын хувилбаруудаас хамгийн өндөр байгааг ДЭМБ онцолсон. Өмнөх онтой харьцуулахад улс орны эрүүл мэндийн байгууллагын хүч чадал суларсан. Учир нь эрүүл мэндийн байгууллагын хүний нөөц сульдан ядарч байна.
Мөн ДЭМБ вакцины бүүстэр тунг эсэргүүцэхгүй байгаагаа албан ёсоор мэдэгдсэн бөгөөд вакцины тэгш хүртээмжтэй байдал чухал гэдгийг мэдэгдсэн.
Нэгээс, хоёр сарын дараа дэлхийн дийлэнх орнууд Дельта ба Омикрон хувилбартай зэрэгцсэн давлагаанд өртөх эрсдэлтэй. Дельта болон Омикрон хувилбараар зэрэг халдварласан тохиолдол ч бүртгэгдэж байна. Омикрон хувилбар нь Дельта хувилбараас 70 дахин хүчтэй халдварладаг.
“Омикрон” хувилбарын халдварлах шинж тэмдэг :
Омикрон хувилбар уушгины эд эсэд нэвтрэхээс өмнө амьсгалын дээд замын салстын эсэд нэвтэрч, олшрон үрэвсэл үүсгэж байгаа талаар судалгаа гарсан бөгөөд шинж тэмдэг нь амьсгалын дээд замтай холбоотойгоор илэрч байгаа. Тодруулбал, нус гоожих, найтаалгах, ханиах, хоолой өвдөх, цагаан мөгөөрсөн хоолой үрэвсэх, ядрах, толгой өвдөх шинж тэмдэг давамгайлж байна.
Танд томуу төстэй дээрх шинж тэмдэг илэрч байвал томуу гэхээс илүүтэй Омикрон хувилбар байж болзошгүй гэдэг сэрэмжлүүлгийг Омикрон хувилбар дэгдсэн улс орнууд иргэддээ мэдээлж байгаа.
Манай улсын хувьд Омикрон хувилбарын хүчтэй давлагаанд өртөхгүй байхын тулд хил дээрх хяналтыг сайжруулахад голлон анхаарч байгаа. Одоохондоо дотоодод халдвар бүртгэгдээгүй байгаа бөгөөд үргэлжлүүлэн хилийн хяналтаа сайн тавина. Тиймээс иргэдээ аль болох гадаад улс руу явахгүй байхыг уриалж байна. Онцын шаардлагагүй бол гэр бүл, улс орноо эрсдэлд оруулахаас сэргийлээрэй”