Дарьганга сумын Ганга нуурыг сэргээх хоёрдугаар шатны төслийг эхлүүлнэ

Ганга нуурыг сэргээх нэгдүгээр шатны төслийг 2018 онд эхлүүлж байсан бөгөөд энэ жил хоёрдугаар шатны төслийг эхлүүлэхээр болсон байна.

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Ганга нуурын 95 хувь нь 2017 оноос хойш хатаж ширгээд байсан юм. Иймд нуурыг сэргээх нэгдүгээр шатны төслөөр эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнд ширгээд байсан Ганга нуур буцаж сэргэсэн.

Ганга нуур нь Монгол Улсын Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших, шорвог нуур юм. Хээр тал болон Говийн зааг дээр орших, ус намаг, элсэн манхан, хуурай хээр хосолсон өвөрмөц тогтоц бүхий тус нуур болон ойр орчмын намгархаг газар нь цэн тогоруу, хошуу галуу, хонин тоодог, гангар хун, хондон ангир зэрэг нүүдлийн ховор шувуудын чуулж, үрждэг чухал нутаг билээ.

Харамсалтай нь дэлхийн цаг уурын өөрчлөлтийн улмаас нуурын ус татарч, зарим жилүүдэд ширгэдэг болсон.

Ойр орчимд нь Дуут, Сүмтийн, Эрдэнэ, Холбоо, Зүүн Холбоо, Цагаан, Хосмогт, Улаан (ширгэсэн), Зэгст зэрэг нуур цөөрөм бий.

Ганга нуур, түүний орчмын ус, намгархаг газар нь 2004 онд Рамсарын ус, намгархаг газар болон бүртгэгджээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *