А.Дашням: Иргэдээс ирсэн мэдээллийг дахин нягтлаад нарийн шүүж, гэр олгох эсэхээ шийднэ
Үер усны гамшигтай холбоотой орон гэргүй болсон айл өрхүүдэд хэрхэн тусламж үзүүлэх талаар Нийслэлийн Онцгой Байдлын Газар (НОБГ)-ын дарга А.Дашнямаас тодрууллаа.
–Орон гэр нь бүрэн бүтэн иргэд гэр авах хүсэлт өгч байна гэх мэдээлэл гарсан. Энэ тал дээр ямар зохицуулалттай ажиллаж байгаа вэ?
-Ийм асуудал байна. Тиймээс орон гэргүй болсныг тодорхойлох хэд хэдэн шалгуур үзүүлэлт тавьж байгаа. Үнэхээр гэр нь урссан айл өрхүүд байна. Мөн гэр, байшин нь урсаагүй ч эргээд ашиглах боломжгүй болсон тохиолдол ч гарсан. Энэ бүгд дээр олон талаас нь судалгаа хийснээр бодит тоо гаргах юм.Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан гэр, байшинтай болох зэргээр дэмжлэг туслалцаа авахыг хүссэн өргөдөл, хүсэлт иргэдээс нэлээд ирж буй. Нарийн шүүлтүүрээр шүүсний үндсэнд дээрх ажлуудыг зохион байгуулж, шийднэ.
-Хэчнээн айл өрхөд дэмжлэг үзүүлэх тоо гарсан уу?
-18 хүнд дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэдгийг хотын дарга өчигдөр хэлсэн. Судалгааг үргэлжлүүлэн хийж байна. Иргэдээс ирсэн мэдээллийг дахин нягтлаад өргөдөл, хүсэлтийг нь авч байгаа. Нэлээд нарийн шүүлтүүрээр шүүж, дүгнэснээр асуудлыг шийднэ.
-Нүүлгэн шилжүүлэх айл өрхүүдийн сургууль, цэцэрлэгийн асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-Дэд бүтэц болон сургууль, цэцэрлэгийн асуудал бий. Айлуудыг нүүлгэн шилжүүлэхдээ тухайн газраас нь холгүй байршилд байлгахаар зохион байгуулж байна. Иймээс хүндрэл гарахгүй байх.
Эх сурвалж:ulaanbaatar.mn