ОХУ Германы хоёр дипломатчийг нутаг буцаана
Гүржийн иргэн Зелимхан Хангошвилийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан хоёр дипломатчийг нь Берлинээс хөөсний хариуд ОХУ-ын Гадаад хэргийн яам Москва хот дахь Германы Элчин сайдын яамны /ЭСЯ/ хоёр ажилтныг үл таашаагдах этгээдээр /”persona non grata”/ зарлажээ.
Энэ тухай ОХУ-ын ГХЯ цахим хуудсандаа мэдээлсэн байна.
“Германы Засгийн газрын найрсаг бус шийдвэрийн хариуд ОХУ дахь Германы Элчин сайдын яамны хоёр ажилтныг үл таашаагдах этгээдээр зарласныг тус улсын Элчин сайдад мэдэгдэв” гэж мэдээлэлд дурджээ.
Оросын хоёр дипломатчийг Германаас хөөх шийдвэр гарсантай холбогдуулан Москвад суугаа Германы Элчин сайд Геза Андреас фон Гейрийг ОХУ-ын Гадаад хэргийн яаманд даваа гарагт дууджээ. Энэ үеэр Оросын тал Берлинд Гүржийн иргэн Зелимхан Хангошвилийн амь насыг хөнөөсөн хэрэгт төрийн байгууллагуудыг нь оролцсон гэж буруутгасныг няцаасан байна.
12 дугаар сарын 15-нд Берлиний Дээд шүүхээс Зелимхан Хангошвилийг хөнөөсөн хэргээр Оросын иргэн Вадим Соколовт бүх насаар нь хорих ял оноожээ. Шүүх уг хэргийг ОХУ-ын төрийн байгууллагуудын даалгавраар үйлдсэн гэх прокурорын байгууллагын дүгнэлттэй санал нэгдсэн байна. Шүүхийн шийдвэр гарсны дараа Германы ГХЯ ОХУ-ын Элчин сайд Сергей Нечаевыг дуудаж, хоёр дипломатчийг нь нутаг буцааж буйг мэдэгджээ.
Хангошвили орогнол хүсэгчийн статустайгаар Германд 2016 оны сүүлчээс хойш байжээ. Хэсэг хугацаанд тэрбээр Украинд амьдарч байсан байна. Оросын эрх баригчид түүнийг террористуудын жагсаалтад оруулсан бөгөөд чухам энэ нь түүнийг хөнөөх шалтгаан болсон гэж Германы прокурор үзжээ.