|

“Омикрон” хувилбар “дельта”-гаас хөнгөн өвчлүүлдэг гэх нотолгоо байхгүй

Их Британийн Лондоны Эзэн хааны коллежийн судлаачид “COVID-19”-өөр халдварлаад эдгэрэх нь “омикрон” хувилбараар халдварлахаас тун бага хувиар хамгаалж байгааг тогтоожээ. Энэхүү судалгаа нь вакцины нэмэлт тунгийн ач холбогдлыг тодотгон харуулсан байна.

Тодруулбал, “COVID-19”-өөр халдварлаад эдгэрэх нь “омикрон”-оос дөнгөж 19 хувиар хамгаалах магадалтай байна. Судлаачдын тооцоолсноор, энэ нь вакцины хоёр тунг тариулсантай /20 хувь/ ойролцоо байна. Харин нэмэлт тунг тарихад “омикрон” хувилбараар халдварлан шинж тэмдэг илрэхээс 55-80 хувиар хамгаалж байжээ.

Эзэн хааны коллежийн судлаачдын баг Англид 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 11-ны хооронд “PCR” шинжилгээгээр батлагдсан “COVID-19”-ийн бүх тохиолдлыг нарийвчлан шинжилсэн нь “омикрон” хувилбар хүний бие дэх хамгаалалтаас хэрхэн зугтахыг тодорхойлсон одоогоор хийгдсэн хамгийн өргөн судалгаа болоод байна.

Энэхүү судалгааны үр дүн нь шинэ хувилбарыг өмнө нь халдвар аваад эдгэрсэн, вакцин хийлгэснээс үүссэн хамгаалалтаас зугтах чадвартай, мөн өмнөх хувилбаруудаасаа хурдан халдварладаг хэмээн урьдчилан таамаглаж байгаатай нийцсэн байна.

Гэхдээ шинжилгээний хариу нь эерэг гарч, халдварын шинж тэмдэг илэрсэн юм уу эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн үзүүлэлтээс “омикрон” хувилбарыг “дельта”-тай харьцуулахад хөнгөн өвчлүүлдэг гэж үзэх нотолгоо байхгүй гэдгийг судлаачид цохон тэмдэглэжээ. “Омикрон” хэр хөнөөлтэй болох нь тодорхойгүй хэвээр байгаа тул цаашид Их Британид эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн үзүүлэлт хэрхэхийг урьдчилан хэлэх боломжгүй байна.

“COVID-19”-ийн шинэ хувилбарыг илрүүлснээ 11 дүгээр сарын 25-нд мэдэгдсэн Өмнөд Африкт халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн сүүлийн үеийн үзүүлэлтийг “дельта” хувилбарын давлагаа дэгдэж эхэлсэн үеийнхтэй харьцуулахад сул бололтой байгаа талаар тус улсын эрх баригчид өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *