Оросын удирдлагагүй болсон пуужингийн үлдэгдэл дэлхийн хаана унах нь тодорхойгүй байна
ОХУ-ын Роскосмос Сансрын агентлагаас “Ангара А-5” хэмээх хүнд даацын цойлуур пуужингийнхаа гурав дахь туршилтыг арванхоёрдугаар сарын 27-нд хийсэн.
Цойлуурыг Оросын баруун хойд зүгт орших Плесецк сансрын станцаас хөөргөсөн. Пуужин дэлхийн нам тойрог замд хүрсэн боловч “Персей” хөдөлгүүрт гэмтэл гарсны улмаас төлөвлөсний дагуу өндрөө авч чадаагүй байна.Улмаар пуужингийн зарим эд анги энэ долоо хоногтоо багтан дэлхий дээр эргэн унах магадлал өндөр байгааг шинжээчид хэллээ.
“Хөдөлгүүрийн гэмтлийн улмаас пуужин дэлхийн нам тойрог замаас цааш гарч чадахгүй. Эвдрэлийг шалгах комисс ажиллаж байна” гэж RussianSpaceWeb мэдээлсэн.
Пуужингаас үлдсэн удирдлагагүй хэлтэрхийг CosmoSapiens хянаж байгаа бөгөөд Номхон далайд унаж хүн амд хохирол учрахгүй байх магадлал бий.
Гэвч одоогоор хаана унахыг нь тооцоолоход эрт байна гэж зарим судлаачид ярьсан ба 20 тонн ачаатай пуужингийн ихэнх хэсэг нь дэлхийн агаар мандалд орохдоо шатаж устах учиртай
Сибирийн мөрөн Ангарагийн нэрээр нэрлэсэн уг пуужин нь ЗХУ задран унаснаас хойших Роскосмос агентлагийн хөөргөж буй анхны хүнд даацын пуужин юм.
Пуужингийн анхны туршилтыг 2014, хоёр дахийг 2020 онд амжилттай гүйцэтгэсэн. Ангара А-5 нь өмнө ашиглагддаг байсан хорт түлшний оронд хүчилтөрөгч, керосин ашигладаг тул байгаль орчинд харьцангуй ээлтэй гэж Оросын эрх баригчид мэдээлж байв.
Гурав дахь туршилтад “Персей” хөдөлгүүрийг анх удаа ашигласан юм. Пуужингийн дөрөв дэх туршилт энэ оны гуравдугаар сард болох ба хиймэл дагуул тээвэрлэнэ.
Эх сурвалж: Space, Techtimes