Барааны хомсдолын улмаас Норвегийн цэргүүд халагдахдаа дотуур хувцсаа буцааж өгөх ёстой болжээ
Цар тахлын улмаас бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт дэлхий даяар тасалдсан нь Норвегийн зэвсэгт хүчинд бас нөлөөлжээ.
NATO-гийн умард хилийг хамгаалдаг, ОХУ-тай хил залгадаг Норвеги улс жил бүр 8,000 орчим эрэгтэй, эмэгтэй залуусыг цэрэгт татдаг байна.
Уг нь цэргийн албаа хааж дуусгасан залуус халагдахдаа армиас хуваарилсан дотуур хувцастайгаа гэртээ харьдаг байжээ. Тэгвэл цар тахлын улмаас барааны нийлүүлэлт тасалдсан нь хомсдол үүсгэсэн тул Норвегийн арми одоо халагдах цэргүүдээсээ дотуур хувцсыг нь хурааж авах болсон тухай Баасан гарагт NRK телевиз мэдээлсэн байна.
“Нөөц хүрэлцэхгүй болсонтой холбоотойгоор одооноос эхлэн дүрэмт хувцасны зарим хэсгийг буцаан аваад дахин ашиглахаар боллоо. Хувцсыг угааж, цэвэрлэж, шалгаад дараагийн ээлжийн цэргүүдэд хуваарилна. Ингэхдээ бид чанарт хяналт тавина” гэж Норвегийн армийн бэлтгэн нийлүүлэлт хариуцсан төлөөлөгч Ханс Мейсинсет NRK сувагт ярьжээ.
Үүнд хөхний даруулга, оймс, дотуур өмд, цамц зэрэг дүрэмт хувцасны хэсгүүд багтаж байгаа гэнэ.
Эх сурвалж: AFP