Эмнэлгийн менежментийг ХАГАС БИЕ ДААСАН хэлбэрт шилжүүлнэ
Монгол Улсын Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт шинэчлэлийг 2021.01.01-нээс эхлэн хэрэгжүүлж даган мөрдөж байгаа. Үүнтэй холбоотойгоор хуулийн өөрчлөлтөд орсон эрүүл мэндийн салбарын санхүүжилт, стратегийн худалдан авалт, эмнэлгийн “ХАГАС БИЕ ДААСАН БАЙДАЛ”-ыг хэрэгжүүлэхтэй холбоотой сургалтыг ЭМЯ, Азийн хөгжлийн банкны төслүүдээс хамтарсан баг эрүүл мэндийн салбарын бүхий л түвшний байгууллагад улс орон даяар өгч байгаа юм. Энэхүү сургалтад Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын албан хаагчид хамрагдлаа.
“Төрийн болон хувийн бүр эмнэлэг даатгуулагчийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн оношоор үйлчилгээ үзүүлнэ”
Шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зарцуулах улсын төсвийг эрүүл мэндийн даатгалын санд нэгтгэж, нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжсэн. Ингэснээр ЭМД-ын байгууллага төрөөс болон даатгалын сангаас хариуцдаг бүх тусламж, үйлчилгээнд нэгдсэн хяналт тавьж, тухайн төрийн болон хувийн хэвшлийн эмнэлэг нь даатгуулагчид олон улсын эмнэлзүйн удирдамжийн дагуу чанартай тусламж үйлчилгээ үзүүлсэн бол гүйцэтгэлээр нь санхүүжүүлээд явна.
Тодруулбал, даатгуулагчийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн оношоор үйлчлэх зохицуулалт оруулжээ. Ингэхдээ улсын хэмжээнд 450 гаруй онош тус бүр дээр “даатгалын сангаас ийм төлбөр төлнө” гэж нээлттэй зарлаж, эмнэлэг түүн дээр нь хэдэн төгрөг нэмж аваад, хэчнээн иргэнд үйлчилгээ үзүүлэх боломжтойгоо ЭМДЕГ-т мэдэгдэх аж. ЭМД-ын байгууллага үнийн саналыг судалж, хянаад хамгийн хямд үнэ санал болгосон эмнэлгээс сонгоод явах аж.
Эмнэлгийн байгууллагын тогтолцооны тухайд хагас бие даасан хувилбарт шилжүүлж, дотоод бодлого, үйл ажиллагаагаа өөрсдөө менежментээр авч явах юм. Түүнчлэн эмнэлгийн байгууллагын тусгай зөвшөөрөл олголтыг эмхэлж, улсын ачааллаа даахгүй байгаа хэсэгт хувийн хэвшлийн эмнэлгийн тоог нэмж, бусад шаардлагагүй хэсгийг танах бодлогыг барьж байна. Улмаар эмнэлгийн гүйцэтгэлийн мэдээг үнэлээд иргэдэд НЭЭЛТТЭЙ ЗАРЛАДАГ болох аж.
“Санхүүжилт иргэнийг дагана”
ДААТГУУЛАГЧИД шаардлагатай тусламж, үйлчилгээний БҮХ ЗАРДЛАА ЭМД-ЫН САНГААС ТӨЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ болсон юм. Уншигч та бүхний мэдэж байгаачлан өмнөх хуулийн зохцуулалтаар, даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээ, хорт хавдрын химийн болон туяаны өдрийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний зардал хамаарахгүйгүйгээр жилийн дээд хязгаарыг 2 сая төгрөг байхаар тооцсон байсан. Улмаар 2012-2019 оны хоронд ЭМД-ын санд 611,3 тэрбум төгрөг хуримтлагдаад байсан юм. Эл байдлыг халж, хуримталдаг бус, ийнхүү ДААТГУУЛАГЧ ИРГЭНИЙ БҮХ ЗАРДЛЫГ ЭМД-ААС ГАРГАХ, ӨӨРТ НЬ ЗАРЦУУЛАХ ЗОХИЦУУЛАЛТЫГ ХИЙЖЭЭ.