Эрдэмтэд хоёр эр хулганын эсээс гөлчгий гарган авчээ

Японы биологичид лабораторийн хоёр эр хулганын эсээс эрүүл гөлчгий гарган авч чаджээ. Япончууд үүдэл эсийг бэлгийн эс болгон хувиргах арга дээр 1990-ээд оноос хойш ажиллаж байгаа юм.

“Энэ бол хөхтөн амьтны амьдрах чадвартай өндгөн эсийг эр эсээс гарган авсан анхны тохиолдол юм” гэж Кюшюгийн Их сургуулийн профессор Хаяши Кацүхико мэдэгдсэн байна.

Профессор Хаяши Кацүхико өмнө нь хэсэг эрдэмтэдтэй хамтран эм хулганаас авсан арьсны эсээс өндгөн эс бүтээж байжээ. Харин энэ удаагийн туршилтдаа эрдэмтэд эр хулганын сүүлний биологийн материалыг ашигласан байна.

Эрдэмтэд ямар ч төрлийн эсэд хувирах чадвартай үүдэл эс буюу плюрипотен эсийг гарган авахын тулд эр хулганын сүүлний арьсны эсийг дахин программчилсан байна. Дараа нь энэ эсээ эм эс болгон хувиргаж, амьдрах чадвартай өндгөн эс гарган авчээ. Ингэхдээ Y-хромосомыг устгаж, оронд нь өөр эсээс авсан Х-хромосомыг суулгасан аж.

Үүний дараа гарган авсан өндгөн эсүүдээ хэвийн эр бэлгийн эстэй нийлүүлж үр тогтоож, үр хөврөлүүдийг тээгч эм хулганад суулгасан байна.

Биологийн туршилтын явцад нийтдээ хоёр эр хулганын эсээс гөлчгий гарган авах 630 оролдлого хийжээ. Эдгээрээс ердөө 7 нь л амжилттай болсон нь нийт оролдлогын 1 гаруйхан хувийг эзэлж байна. Долоон гөлчгийнүүдэд гажиг шинж тэмдэг илрээгүйгээс гадна, хоёр эр гөлчгий нь үр төлөө үлдээх чадвартай болохоо харуулжээ.

Хаяши Кацүхико ажлынхаа үр дүнг дүгнэн хэлэхдээ, “хулгана, хүн хоёрын хооронд асар их ялгаа бий” гэсэн байна.

Энэ аргыг хүмүүст хэрэглэхийн тулд ёс суртахууны болоод шинжлэх ухааны олон асуудлыг шийдэх шаардлагатай байгаа тул маш хол хэвээр байгааг тэрбээр онцолжээ.

Эх сурвалж: Montsame agency

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *