Д.Энхтайван: Албаар их АЛДАА ГАРГУУЛАХ гэж залуу дүү нартаа бүх ажлыг даалгадаг

   Урлагт хайртай залуусын аль хэдийнэ очих дуртай болсон арга хэмжээ бол яахын аргагүй нээлттэй микрофон буюу “The Open Mic Mongolia”. 12 жилийн хугацаанд 800 гаруй удаа зохион байгуулагдсан тус арга хэмжээг зохион байгуулагч Дагвасамбуугийн Энхтайвантай бид ярилцлаа.

-Залуусын очих дуртай эвентүүдийн нэг  “The Open Mic Mongolia”-г та олон жил тасралтгүй зохион байгуулж байна. Энэ эвент рүү анх орсон шалтгааныг сонирхож байна?

-2009 оноос ах нарыгаа дагаад зохион байгуулалтад оролцож байгаад 2013 оноос өөрөө гардан зохион байгуулж эхэлсэн. Энэ хугацаанд бараг 800 удаагийн “The Open Mic Mongolia” хийсэн байна. Жилийн 52 долоо хоног бүрт хийнэ, зарим долоо хоногт 3-4 удаа хийх тохиолдол ч байсан.

Ер нь энэ арга хэмжээтэй холбогдсон шалтгаан маань хүүхэд залуучууддаа хөгжим заах бодлоос эхтэй.  Өөрийнхөө мэддэг чаддагийг хүүхэд залууст зааж,  тэд маань ч олны  өмнө сурсан хөгжмөө тоглоод,  дуулах хэрэгтэй юм байна гэж бодоод  энэ арга хэмжээг зохион байгуулж эхэлж байлаа.

Эхэндээ найзуудаасаа сурсан гитар, бөмбөрөө заагаад л. Зарим нь дуулаад л. Энэ чигээрээ хийгээд явбал гоё юм байна гэж бодож байгаа юм. Тасралтгүй байнга зохион байгуулсны үр дүнд өнөөдөр хүссэн хэн ч оролцож болдог нээлттэй  арга хэмжээ болж чаджээ.

 

– “The Open Mic Mongolia” жилээс жилд цар хүрээгээ тэлсээр байгаа. Зохион байгуулалтын ажил бас л нүсэр биз. Яаж амжуулж байна даа?

-Урьд нь бичлэг, студийн ажлууд, хөгжим техник, гэрэлтүүлэг, албан байгууллагуудтай очиж арга хэмжээгээ зохион байгуулах талаар ярилцах, сошиал медиагаа хөтлөх гээд бүх ажлаа ганцаараа хийдэг байсан. Одоо бол сайн дурын маш олон залуучууд бий. Тэдэндээ ажлуудаа хуваарилж өгөөд зохион байгуулалтаа жин тан болгодог болсон доо.

 

-Амьд хөгжмийн арга хэмжээ учраас арга хэмжээгээ хаана зохион байгуулах нь мэдээж чухал байх.  Зохион байгуулах газраа яаж сонгодог вэ?

– Бидэнд  олон газраас санал ирдэг.  Манай эвентийг зорин ирдэг залуусынхаа  хэрэгцээг харгалзаж автобусны буудалтай ойрхон, архи согтууруулах ундаа зардаггүй тав тухтай орчинтой газрыг тэмцээнээ зохион байгуулахыг чухалчилдаг.

Жишээ нь энэ удаа  зохион байгуулж байгаа газартайгаа 8 удаагийн Open Mic хийнэ гэж тохирсон. Тэдний зүгээс бидэнд тайз гаргаж өгөөд,  бусад үйлчлүүлэгчид нь  Open Mic-ийг үзэнгээ үйлчлүүлэх боломжтой байхаар  тохиролцож, хамтран ажиллаж байна.

 

“THE OPEN MIC” БОЛ ӨӨРӨӨ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

-Та саяхан “Magicbox” аяны хүрээнд Говь-Алтай аймгийн Тонхил суманд арга хэмжээгээ зохион байгуулаад ирсэн. Энэ мэт нийгмийн хариуцлагын ажил руу цаашдаа  орох уу?

-Ер нь Magicbox төслийн хүмүүст хүүхдүүдийг гоё номын сантай болгож байгаа юм байна гээд туслахыг хүссэн. Нийгмийн хариуцлагын хүрээнд   гэхээсээ илүү дуртай зүйлээ л хийсэн гэмээр байна.  “Open Mic” эвент бол өөрөө нийгмийн хариуцлага. Тиймээс амьдралынхаа арваад жил энэ ажлыг хийлээ шүү дээ.

Цаашдаа аль болох олон аймаг, сумдуудад очоод хүүхдүүдтэй урлаг, хөгжмөөр дамжуулаад нөхөрлөх, өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгох нь зөв юм байна гэдгийг сүүлд маш сайн ойлгосон.

Одоо бол Тонхил сумын хүүхдүүд 7 хоног бүр зохион байгуулж байна. Тэд юуг ч мэдэхгүй мөртлөө мэддэг юм шиг хийсээр л байна. Манай цахим хуудсанд  бичлэгүүд нь байгаа. Энэ бол гайхамшиг байхгүй юу. Тэдэнд үнэтэй камер, сайн хөгжим, зааж зөвлөөд өгөх хүн байхгүй ч  халуун дулаан уур амьсгал бүрдүүлж чадаж байна. Энд л “The Open Mic Mongolia”-ийн  зорилго, амин сүнс нь оршиж байгаа юм. Үүнийг л сургууль, албан байгууллага, газар бүрт л бий болгох зорилготой ажиллаж байна даа.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатараас гадна  Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Дорнод, Говь-Алтай, Баянхонгор зэрэг аймгуудад, АНУ, БНСУ-д арга хэмжээгээ зохион байгуулаад байна.

 

-Хүсэл сонирхлоороо ирж  дуулж, хөгжимдөж буй  хүүхэд, залуусын бичлэгийг контент болгодог нь таалагддаг. Энэ ажил хэзээнээс эхэлсэн бэ?

-2018 оноос зорин ирж байгаа  хүүхдүүдэд өөрсдийнх нь бичлэгийг үзүүлж урам өгөх зорилгоор  бичлэг  хийж эхэлсэн. Гэхдээ хөгжилтэй нь  тэр үед зохион байгуулагч надад аятайхан   утас байсангүй.

Ирсэн хүүхдүүдийнхээ утсыг гуйж бичлэг хийлгээд, орой нь цахим шуудангаараа авч нийтэлдэг байлаа.  Тэгээд хувиараа  олсон мөнгөө цуглуулж  байгаад тоног төхөөрөмж, камер аваад  контент үйлдвэрлэдэг болсон.

-“The Open Mic Mongolia”-гаас шантарч, хийхээ болимоор санагдсан үе бий юу?

-Байхгүй. Үнэхээр хийх дуртай.

 

-Цар тахлын улмаас “The Open Mic Mongolia” арга хэмжээ удаан завсарлалаа. Энэ хугацаанд юу  амжуулж байв даа?

-Олныг хамарсан арга хэмжээ хийгээгүй ч  өнгөрсөн 2 жилийн хугацаанд 7 хоног бүр бичлэг хийж нийтэлсэн. Үйл ажиллагаагаа огт  зогсоогоогүй.  Бас тоног төхөөрөмжтэй ажиллах, шинэ ажил эхлүүлэх гээд  завгүй байлаа.

Жишээ нь би  шууд дамжуулалт гэж мэддэггүй байсан бол энэ хугацаанд шууд дамжуулалт хийж мөнгө олоод, олсон мөнгөөрөө “The Open Mic Mongolia”-даа хэрэгтэй бүх тоног төхөөрөмжүүдээ  худалдаад авсан. Бараг 60-70 сая төгрөгийн  үнэтэй тоног төхөөрөмжтэй боллоо.

Залуучууддаа үнэтэй, чанартай тоног төхөөрөмж, камер зэргийг үнэгүй хэрэглүүлэхийг маш их хүсдэг байсан. Цар тахлын үеэр маш их зүйл судалж, сурсны ачаар энэ хүслээ биелүүлсэндээ сэтгэл хангалуун байгаа.

-Таныг “The Open Mic Mongolia”-ийн Энхээ гэж  олонх нь мэднэ. Өөр юу хийдэг, сонирхдог хүн бэ?

-“United Arts” группын захирал. Энэ компанийнхаа бүх ажлыг  өөрөө хийдэг. Манайх хөгжим техникийн түрээсийн үйлчилгээ, сүүлийн үед энтертайнмент үйлчилгээг албан ёсоор үзүүлж эхэлж байна. Том том ажлуудын ард гарч,  туршлага хуримтлуулж, их юм сурч авч байна. Цаашдаа энэ ажлаа  хөгжүүлээд явах бодолтой байна.

 

БАРАГ 800 УДААГИЙН “OPEN MIC” ХИЙХДЭЭ 700-Д НЬ АЛДАЖ БАЙСАН

-Та “The Open Mic Mongolia”-ийнхаа залгамж халааг хэн нэгэнд өгөх  цаг үе  ирэх л байх даа?

-“The Open Mic Mongolia” бол миний өмч биш. “Чи энэ арга хэмжээг зохион байгуулж болно, чи үүнийг бий болгож болно” гэдэг  сэтгэл зүй, туршлага, чадварыг суулгахын төлөө өнөөдөр бүх ажлыг өөрөөр нь хийлгэдэг.

Би бараг 800 удаагийн “The Open Mic Mongolia” хийжээ.  Жилийн 52 долоо хоног бүрт хийнэ, зарим долоо хоногт 3-4 удаа. Гэтэл үнэндээ би 700-д нь алдаа гаргаж,  маш муухай хийсэн. Энэ алдаагаа олж хараад  илүү  туршлагатай болсон. Тиймээс би энэ хүмүүсийг чадвартай болгохоосоо илүүтэйгээр албаар маш их алдаа гаргуулах гэж байгаа юм. Энэ нь цаашдаа хийж байгаа бүх юманд нь нөлөөлдөг. Ямар нэг юм хийхдээ өмнө нь гаргасан том алдаанаасаа ухаарч  алдаа гаргах нь бага болчихдог.

Би тэдэнд “Чи яаж хийдгийг нь харж байна, заавал миний хажууд байх албагүй, өөрөө энэ арга хэмжээг хийгээд явж болно” гэж хэлдэг. Залгамж халаа гэхээсээ илүү одоо хийж байгаа зүйлээ илүү хөгжүүлээд, өшөө илүү залуучуудад урам зориг хайрлаад явах хүсэлтэй.

 

БИ МАШ РОМАНТИК ХҮН

-Одоогийн байдлаар ямар ажил төлөвлөөд явж байна вэ?

-Хэрвээ надад зөвшөөрлийг нь олгох юм бол 12-р сарын 31-нд он гарсны дараа хүмүүс хаачихаа мэдэхгүй болсон үед нь маш гоё тайз, гэрэлтүүлэг засаж байгаад хайртай хүмүүс, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хамт сонсоход тохиромжтой шинэ жилийн дуунууд яваад л, дуучид ирж дуулах тийм арга хэмжээг зохион байгуулна гэж төлөвлөж байна.

Би маш романтик хүн.  Гэхдээ энэ сэтгэлийн хөдлөлөө хийж байгаа ажлаараа, гаргаж буй үйлдлээрээ илэрхийлдэг. Миний хийж буй ажил их романтик болдог, гэрэлтүүлэг, орчин зэрэг нь тийм мэдрэмжийг бүрдүүлж өгдөг.

Ярилцсанд баярлалаа, ажлын амжилт хүсье.

И.ЭГШГЭЛЖИН

Similar Posts

5 2 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments