|

Казахстаны ерөнхийлөгч анх удаа Назарбаевыг шүүмжлэв

Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев өчигдөр парламентдаа хандаж хэлсэн үгийг тус улсын төв телевизийн суваг дамжуулжээ.

Түүний хэлснээр Казахстанд дэг журам тогтсон тул Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллага (ХАБГБ)-ын энхийг сахиулагчид хоёр өдрийн дараачаас эхлэн нутаг буцаж эхлэх ба арав хоногийн дотор бүгд тус улсаас гарч дуусах гэнэ.Голдуу ОХУ-ын цэргээс бүрдсэн ХАБГБ-ын энхийг сахиулагчид өнгөрсөн долоо хоногт Казахстанд ирсэн юм.

Тус улсын тусгаар тогтнолын 30 жилийн түүхэнд тохиож байгаагүй томоохон бослого тэмцэл өнгөрсөн долоо хоногт гарч байв.

Токаев уг үйл явдлыг төрийн эргэлт хийх оролдлого гэж нэрлээд гадаадад бэлтгэгдсэн террористууд оролцсоныг баталж байгаа.

Гэхдээ ажиглагчид үүний цаана Казахстаны дотоодын эрх мэдлийн төлөө тэмцэл явагдсан байж болзошгүй гэж үзэж байна. Казахстаныг 30 орчим жил захирсан Нурсултан Назарбаев 2019 онд ерөнхийлөгчийн албан тушаалаа Касым-Жомарт Токаевт шилжүүлж байсан юм.

Kazakhstan Concludes One Year of Transition With President Tokayev -  IDN-InDepthNews | Analysis That Matters

 

Гэхдээ тэр үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний суудлаас Казахстаныг удирдсан хэвээр байжээ.

Өчигдөр хэлсэн үгэндээ Токаев анх удаа экс ерөнхийлөгчөө шүүмжилсэн нь дотоодын эрх мэдлийн төлөө тэмцэл явагдаж буйг батлан харуулж байна.

“Анхны ерөнхийлөгчийн засаглалын үед манайд маш баян компаниуд, олон улсад танигдсан баячууд бий болсон. Тэдний хураасан баялгийг ард түмэнд системтэйгээр шилжүүлэх цаг ирж байна. Эдгээр компаниуд Казахстаны Ард Түмний Санд ямар хувь нэмэр оруулж болохыг засгийн газар судлах ёстой” гэж Токаев хэлжээ.

Токаев өчигдөр бас Назарбаевын тойрон хүрээлэгчдийн эсрэг эхний алхмаа хийж, экс ерөнхийлөгчийн бага охин Алия Назарбаеватай холбоотой гэгддэг хог хаягдал дахин боловсруулах “Оператор РОП” компанийн үйл ажиллагааг зогсоох захирамж гаргасан байна.

Тэрбээр өчигдөр Казахстаны ерөнхий сайдын албан тушаалд Алихан Смайловын нэрийг дэвшүүлсэн нь хэдхэн цагийн дараа парламентын чуулганаар батлагджээ.

49 настай Смайлов нь өнгөрсөн долоо хоногт огцорсон өмнөх засгийн газрын танхимд тэргүүн шадар сайдын албыг хашиж байсан юм.Токаев бас засгийн газрын шинэ танхимын бүрэлдэхүүнийг томилохдоо өмнөх танхимын дотоод хэргийн, гадаад хэргийн, батлан хамгаалахын сайд нарыг хэвээр үлдээж бусад сайд нарыг шинээр сольжээ.

Казахстаны дотоод хэргийн яамнаас өчигдөр гаргасан мэдэгдэлд баривчлагдсан хүний тоо сүүлийн байдлаар 9,900 хүрснийг дурдсан байна.

Токаев эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, үндэсний валют тенгед итгэх итгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээ аван ажиллаж байгаагаа өчигдөр бас мэдэгджээ.

Эх сурвалж: Radio Free Europe, Reuters

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *