Г.Эрдэнэзул: Бодлого гаргагч нарын шийдвэр болгоны ард нэг айлын амьдрал байдаг
“Зөвийг шүгэлдэгчид” төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч, тэргүүн, “Эх орондоо л очихсон” бүрэн хэмжээний баримтат киноны продюссер Г.Эрдэнэзултай ярилцлаа.
-“Зөвийг шүгэлдэгчид” төрийн бус байгууллагын санаачлагаар “Zoljargal and son” продакшны бүтээсэн “Эх орондоо л очихсон” бүрэн хэмжээний баримтат кино нээлтээ хийгээд удаагүй байна. Гадаадад гацсан Монголчуудын туулсан амьдралаар кино хийх сэдэл, санаа хаанаас төрсөн бэ?
– Би Японд гацаж байсан. Хэдийгээр өөрт маань асуудал байсан ч бусдад түүнээс ч хэцүү асуудал тулгарч байгааг хараад гараа хумхиж сууж чадаагүй. Залуус нэгдэх нь чухал гэж үзээд тэнд байгаа Монголчуудаа нэгтгэж эхэлсэн. Миний хувьд сурч байсан, хэлний мэдлэгтэй учраас өөрийгөө аргалаад, тэсээд байлаа. Харин хэлний мэдлэггүй, түр хугацаагаар ирээд гацчихсан, хүнд өвчтэй, гээд янз бүрийн шалтгаантай хүмүүст хил хаасан шийдвэр хүндээр туссан. Япон шиг өртөг өндөр улсад очих газаргүй, мөнгөгүй, ажил хийх боломжгүй, хандах хүнгүй гацна гэдэг төсөөлснөөс хүнд.
Монгол Улсын Засгийн газар 5 тусгай шаардлага хангасан хүмүүсээ эх орондоо үе шаттай ирүүлэх шийдвэр гаргасан ч тухайн ангилалд хамаарах хүмүүс нь төр засагтаа үгээ хүргэх боломжгүй байсан. Тиймээс залуус түүчээлж, хүнд байдалд байгаа хүмүүсийнхээ үгийг төр засагт хүргэх гүүр болох зорилго дор нэгдэж байсан юм.
Ингээд урд нь зогсоод дуу хоолой болж, зовж зүдэрч байгаа Монголчуудынхаа төлөө явахад маш их дайралтад өртөж, сэтгэлзүйн дарамтад орсон. Аль болох ёс зүйтэй, зөв шаардлага тавьж, үзэл бодлоо илэрхийлсэн ч олон саад бэрхшээлтэй тулгарсан.
Тэр үед төр засагт гэхээсээ илүүтэй эх орондоо байгаа Монголчууддаа илүү их гомддог юм билээ. Тийм нөхцөл байдалд ороод “Хүн гэж хэн бэ, Эх орон ямар үнэ цэнтэй вэ” гэдгийг олон талаас нь бодсон. Гэхдээ бүх хүн муу байгаагүй. Сайн хүмүүсийн ачаар хонгилын үзүүр дэх бүдэгхэн гэрлийг олж харсан. Тэр гэрэл илүү тод болж, эх орондоо очих зам гэрэлтэхийн тулд бусдын оронд өөрийгөө тавьж чаддаг хүмүүс илүү олон болох хэрэгтэй байсан. Үүний тулд хүмүүсийг уриалж, нийгэмд зөв асуудлаар шүгэл үлээхийг хүссэн.
Олон сар хүлээсний эцэст 2020 оны 7-дугаар сарын сүүлээр чартер нислэгээр эх орондоо ирж байлаа.
Монголдоо ирчихээд Японд байхдаа онлайнаар танилцсан залуустайгаа уулзаж санал бодлоо солилцсон. Бид эхэндээ байгууллага болно гэж бодоогүй. Бид эх орондоо ирж чадсан ч сэтгэл зүйн өөрчлөлтүүдтэй тулгарсан. Жишээ нь би найз, нөхөдтэйгээ уулзаж ийгэмд оролцож чадахгүйд хүрсэн. Өөрөөр хэлбэл төрөөс гаргаж байгаа шийдвэрийн ард хүмүүс төсөөлснөөс их зовсон учраас энэ асуудлыг нийгэмд гаргаж тавъя, хүмүүст ойлгуулъя гэж бодсон. Одоогоос 361 хоногийн өмнө гадаадад ямар нэг шалтгаанаар гацаж байсан залуустай уулзаж, баримтат кино хийхээр төлөвлөгөөгөө самбар дээр зураглаж байлаа. Ингээд яг жилийн дараа уран бүтээлийнхээ нээлтийг хийлээ. Сайхан байна.
–“Эх орондоо л очих юмсан” нэрийг хэзээ нь бодож олсон бэ?
– Бид Zoljargal and Son film-тэй шууд уулзсан. Гэртээ ирэхэд хэцүү байсан уулзаж, учрах ёстой хүмүүс заавал уулздаг гэдэг шиг дардан замаар бид уулзацгаасан. Киноны нэрний тухайд санааг найруулагч, сэтгүүлч МУСГЗ Г.Золжаргал анх гаргасан. Золоо ах “Энэ нэр өөрчлөгдөж болно” гэхэд редактор маань “Явж явж эхнийхээрээ л дуусдаг юм даа” гэснээр анхны санаа маань киноны нэр болж үлдсэн.
Хүмүүст ямар нэгэн шалтгаанаар гадаад орныг зорьдог. Гэхдээ бүгд л эх орондоо эргэж очихыг хүсдэг. Дэлхийн улс орнууд бүгд л ковидын хэцүү замыг туулсан. Монгол Улс ч туулсан, туулсаар байна. Гэхдээ гэртээ харих зам л хамгийн хэцүү байсан. Тэр утгаараа эх орон, гэр бүл ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг ойлгуулахыг хүсч, зорьж “Эх орондоо л очихсон” гэж нэрлэсэн.
-Баримтат кино төрөл бодит түүхийг уран сайхангүй харуулдагаараа илүү гүн сэтгэгдэл үлдээдэг. Тоо баримт, судалгаан дээр үндэслэхээс гадна бодит дүрүүдийг хэрхэн сонгосон бэ?
-Би “Гадаадад гацсан иргэдийн грүпп”-ийн модератор. Ер нь бүх зүйл тодорхой байсан. Дүрүүдийн тухайд нийгэмд шүгэл үлээсэн, эсвэл олны анхаарлыг татсан хүмүүсээс сонгосон. Энэ кинонд багтаагүй олон хүний амьдрал гадна талд бий.
Эхэндээ шууд кино хийнэ гэдэг дээр эргэлзэж, айж байсан. Зориглоод эхэлсний дараа кино маань ямар ч саад тотгоргүй бүтсэн. Киноны амин сүнс болсон бодит дүрүүд маань ч санал тавихад бүгд зөвшөөрсөн.
Ер нь Монголчууд зоригтойгоор үзэл бодлоо илэрхийлэхийг хүсч байсан. Бид энэ киногоор тэгш эрх, шударга ёс, хүний эрхийг харуулахыг зорьсон.
ҮЗЭГЧИД БАЯРЛАСАН, УХААРСАН, ШАНАЛСАН, УЙЛСАН
–Киногоо нээчихлээ. Хүмүүс хэрхэн хүлээж авав?
-Маш сайн кино болсон гэсэн үнэлгээ аваад байгаа. Олон улсын баримтат кино төрөлд хүний эрхийн чиглэлээр өрсөлдөхөөр болсон. Дэлхийн энэ тэнд тархсан монголчуудад, аль болох олон хүнд хандаж шүгэл үлээхийг хүсч байна. Мөн олон улсад гаргах кинонд тавьдаг шаардлагаас шалтгаалаад нээлтийг хаалттай байдлаар цөөн хүнийг хамруулж хийсэн.
Нээлтэндээ тухайн үед шийдвэр гаргаж байсан Засгийн газар, иргэний нийгэм болон олон улсын байгууллага, хүний эрхийн байгууллага, кино уран бүтээлчид, инфлүүзэрүүд, хэвлэл мэдээллийнхэн гээд 250 хүн урьсан. Зөвхөн шийдвэр гаргагчид , улс төрчид л ирээгүй. Төрийн гурван өндөрлөг, УОК-ийн дарга, бүгдэнд нь урилга илгээсэн ч ирээгүй. “Эх орондоо л очих юмсан” төсөл төр засгийг шүүмжлэхийг зорилгоо болгоогүй. Тиймээс хүмүүсийн туулсан замыг, хаана алдаа байсныг олж хараасай гэсэндээ үзүүлэхийг хүссэн ч ирээгүй нь харамсалтай.
Нээлтэнд ирсэн хүмүүс сэтгэл өндөр гарсан. Бид хэн байсан бэ, ирээдүйд тохиолдох бэрхшээл, хүнд хэцүү сорилтын үед хэн байх вэ” гэдэг асуултыг өөрсдөөсөө асуусан. Магадгүй хариултыг нь ойлгож, ухаараад гарсан болов уу. Үзэгчид тэр чигтээ баярласан бас шаналсан, ухаарсан, уйлсан.
-Кино үзээд уйллаа гэсэн сэтгэгдэл олныг харсан. Ер нь хүн гэдэг их амиа хичээгч амьтан шүү дээ. Тэр хандлагаа дор дороо дүгнэсэн байх бодож байна. Таны хувьд?
-Киног маань үзсэн хүмүүс “Та нарыг гацсан л гэж бодсон болохоос ард нь ийм процесс болсныг мэдээгүй юм байна ” гэцгээж байсан. Биднийг дэмжиж байсан хүмүүс ч түүний цаана юу болж байгааг анзаараагүй байсныг киноноос харсан болов уу. 65 минутын бараг 30 минут нь л тэр чигтээ уйлуулсан байх шүү. Киногоо нээхээс өмнө хүмүүс хэрхэн хүлээж авах бол гэдэг айдас байсан ч санаснаас маш сайхан хүлээж авлаа.
–Улстөржөөгүй, төрийн шийдвэрийг буруутгах зорилго агуулаагүй гэж ярьцгаасан байсан. Гэхдээ л яалтачгүй төрийн шийдвэрээс болоод хүмүүс хилийн чанадад хэцүү бэрхийг туулсан шүү дээ. Үнэхээр улстөрийн агуулгагүй болж чадсан уу?
– Миний бодсон зүйл бол хэн нэгнийг шүүмжлэлгүй хүнд нь хандах. Дарга, сайд хэн байх нь хамаагүй, хүн гэж хэн бэ гэдгийг ойлгуулах нь бидний зорилго байсан.
Эх орон, Монгол хүн Монгол Улсын баялаг мөн үү гэдэг асуудлыг гаргаж ирэхийг хүссэн. Тиймээс улстөрчдийг шүүмжилж, дүгнэх шаардлага байгаагүй. Угтаа бол тэр улстөрчид, шийдвэр гаргагчид ч гэсэн хүн шүү дээ. Өнөөдөр мундаг удирдагч гэхээс илүү сэтгэлтэй удирдагч үгүйлэгдэж байна.
Тэр утгаараа сэтгэлийн утсыг хөндөхийг хичээсэн. Энэ хичээл зүтгэл маань киногоор хүрч, хүмүүсийн сэтгэлийн утсыг хөндөж чадсанд баяртай байна. Кино төслийн багийнхны тухайд ч бүгд нам бус залуус. Бидэнд улстөр чухал биш. Бид нийгмийг өөрчлөхийг хүсч байна.
-“Хүний эрхийг хамгаалах ёстой, хууль тэгш шударга үйлчлэх ёстой” гэж их ярьдаг. Гэвч аливаа хууль журам, шийдвэр нөгөө талд үргэлж хүний эрхийг хөндөж, хязгаарлаж, заримдаа зөрчдөг шүү дээ. Киногоороо нийгмийн хандлагыг өөрчлөхөөс гадна төрөөс гарах дараагийн шийдвэрүүд юуг илүү чухалчлаасай гэж хүсч байна вэ?
-Бодлого шийдвэр гаргахдаа хүнээ боддог байгаасай. Шийдвэр болгоны ард хүн, нэг айлын амьдрал байгаа шүү гэдгийг хараасай гэж хүсч байна. Сөрөг сэтгэгдэл бичсэн хүн ч өөртөө анализ хийж, дараа нь би ингэж болохгүй юм байна гэдгийг л ойлгоосой, ирээдүйд ийм зүйл болохгүйгээр өөртөө цэг тавиасай. Ахиж ийм зүйл болохгүй байх хандлагыг ойлгуулж чадвал киноны маань зорилго биелнэ.
КОВИД БИЕИЙГ ӨВЧЛҮҮЛЭХЭЭС ГАДНА СЭТГЭЛИЙГ ИЛҮҮ ӨВТГӨСӨН
-Ярилцлагын эхэнд та хэлний мэдлэгтэй, залуу хүн учраас тэсээд, өөрийгөө аргалаад байсан тухай дурдсан. Таниас ч хэцүү, хүнд нөхцөлд байсан хүмүүс чухам ямархуу нөхцөл байдалд байсан талаар хуваалцаач?
-Японд амьдрах амаргүй. Мэдээж сайхан зүйлүүд бий. Гэхдээ түр хугацаагаар ирсэн хүмүүс дасан зохицох тун хэцүү. Хонох газаргүй хүмүүс олон байсан. Би гэхэд өөртөө тусалж чадахгүй хэрнээ бусдад тусалж болоод байсан. Япон дах монгол иргэдийн холбоонд ажилладаг байсан маань давуу тал болж очих газаргүй Монголчуудаа байрлуулах байр олж өгөөч гэж хандсан. Хүний нутагт ч гэсэн монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүс олон байдаг юм билээ. Хоол, хэрэглээний мөнгө хүртэл хандивлаж байсан.
Бас хүний газар гацсанаас болоод сэтгэл зүйн өөрчлөлтөд орсон хүмүүс надад олноор хандсан.Тэндэх нөхцөл байдлын талаар шүгэл үлээгээд олон нийтийн сүлжээнд нэгдээд эхлэхэд өөр улс орноос ч монголчууд холбогдож байсан. Ковид гэдэг тахал биеийг өвтгөхөөс гадна сэтгэлийг илүү өвтгөсөн гэж бодож байгаа. Тиймээс сэтгэл нь өвдсөн олон мянган хүмүүст сэтгэлийн эмчилгээ хийх нь энэ төсөл рүү орох хамгийн том шалтгаан байсан.
–Япончууд бусдад саад болдоггүй зарчимч хүмүүс шиг санагддаг. Гэтэл тэнд бусдад төвөг болох хэмжээнд хүмүүс байна. Тэгэхээр Африк, Энэтхэгт ямар байсан бэ гэдэг төсөөлөгдөж л байна л даа. Тэр талаасаа соёл нь сэтгэл зүйд хүндээр туссан байх?
– Богино хугацаагаар ирсэн хүмүүс хэлний анхан шатны ч мэдлэггүй учраас хоолныхоо мөнгийг ажил хийгээд олох боломжгүй. Япон улс хүнээ нэгт тавьдаг, гэхдээ өөрийн улсын иргэнээ. Ковидын тэр хүнд үед ялгаварлалыг харьцангуй бага гаргасан.
Миний мэдэх Япон орон бол хамгийн хүн төвтэй орон. Монголыг ч бас тийм болоосой гэж хүсдэг. Эх орондоо ирэх үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн асуудал шүү дээ. Хуулиндаа монгол хүн бүр тэгш эрхтэй гэж заадаг. Гэтэл бид их зовлонтой, арай бага зовлонтой гэх зэргээр зовлонгоороо таван сигментэд хуваагдсан шүү дээ. Ковидоор далимдуулж хүний эрх, эрх чөлөөг хясан боогдуулж, үндсэн хуулиа зөрчсөн.
“ЭХ ОРНОО ГОЛЖ ЯВСАН” ГЭДЭГ ҮГ СЭТГЭЛ ЭМЗЭГЛҮҮЛСЭН
– “Яах гэж тэнэж явсан юм, жаргал хөөж явсан хүмүүсийг тэнд нь үлдээ” гэдэг дайралт их байсан. Өөрт нь яг тэр зовлон ирээгүй л бол аминч хандлага гаргадаг нь гэм биш зан. Гэтэл энэ нь тэнд гацчихсан, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу хүмүүсийн хувьд хүнд тусч байгаа шүү дээ?
– Эх орноо голж явсан гэдэг хандлага хамгийн их байсан. Миний хувьд эх орон хамгийн үнэ цэнэтэй. Миний эх оронч үзэл хүний нутагт зөв амьдрахаас эхэлнэ. Би Японд очоод Гэсэрийн Эрдэнэзул биш, Монгол хүн болчихдог. Тиймээс л би хүний газар хичээдэг байсан. Тийм сэтгэлийг өвөртөлж, бүх чадлаараа хичээж явахад намайг мэддэг юм шиг “Эх орноо голсон” гэж дүгнэх нь үнэнд нийцэхгүй. Энэ үг үнэндээ намайг маш их стресст оруулж байсан. Хүн болгон ямар нэг зорилготой явдаг.
Гэтэл удалгүй ковид дэлгэрч, эх орондоо зорчих эрхээ хязгаарлуулсан шүү дээ. Тэр үед юу болов…Бүгд л хүний эрх ярьж, үхэх шахуу л юм болцгоолоо. Гэтэл энэ стресс, бэрхшээл хүний нутагт огт өөр, хэд дахин хүнд тусна. Харийн нутагт цалингүй, мөнгөгүй, орон байргүй байхад нэг өдөр ч маш урт.
-Ер нь тэр үед гадаадаас иргэдээ татан авах процесстой холбоотой шийдвэрүүд бага ч гэсэн хүнээ бодсон, уян хатан байх боломжтой байсан уу? Эсвэл үнэхээр боломжгүй учраас тийм шийдвэр гарсан уу?
-Бүрэн боломжтой байсан. Яагаад гэхээр зөвхөн монголд ковид байсан юм биш. ДЭМБ чиглэл өгч байхад манайх дотроо байж боломгүй дүрэм, журам гаргаж иргэдийг улам төвөгтэй байдалд оруулсан. Гэтэл Японд огт тийм зүйл байгаагүй. Гадаадаас ирсэн иргэдээ гэрт нь тусгаарлаж байсан. ДЭМБ нууц үеийг 3-7 хоног гэж байхад Монгол Улс 21-35 хоног хорьж байсан. Энэ хугацаанд олон хагацал болсон, эдийн засаг санхүүгийн хүндрэл гарсан, олон хүн бие, сэтгэл, санааны хямралд орсон шүү дээ.
– Таны хувьд Япон явах гол шалтгаан юу байсан бэ?
– Би багаасаа нийгмийн идэвхитэй, нийгэм рүү хандсан ажил хийх дуртай байсан. Япон явсан шалтгаан нь Монголд нийгмийн сайн дурын ажил хийх хэцүү байсантай нэг талаар холбоотой. Тэнд очоод сайн дурын ажил хийхгүй л бол орших уу эс орших уу л болж байлаа. Нэг ёсондоо өөрийгөө олж авсан гэхүү дээ. Удалгүй Япон дах иргэдийн холбоонд орж хүний нөөцийг ахалж ажилласан. Зөвхөн мөнгөний төлөө явах нь надад аз жаргалтай байгаагүй. Долоо хоногт ганцхан өдөр сайн дурын ажил хийдэг байлаа. Энэ үеэс нийгмийн ажил миний явах ёстой зам гэдийг илүү гүнзгий ойлгосон.
Уг нь би шууд үзэл бодлоо илэрхийлдэг, чөлөөтэй төрлийн хүн байгаагүй л дээ. Ковид намайг зоригтой болгосон.
Анхандаа Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг зөв л гэж бодсон. Гуравхан сая хүн амтай улс хилээ хааж, хатуу хяналт тавихгүй бол хэцүүднэ гэж бодсон. Хилээ хаасан ч ухаалаг шийдвэр гаргаж иргэдээ татаж авах байх гэж найдаж хүлээсэн ч талаар болсон. Тэгээд л үзэл бодлоо илэрхийлж, бусдын эрх ашгийн төлөө дуугарч эхэлсэн.
Миний мэргэжил бол ХҮН СУДЛААЧ. Цэвэр нийгмийн хүн л дээ. Төрийн бус байгууллагын залуучууд маань бүгд гадаадад гацаж байсан түүхтэй. Манайх сайн дурын ажил хийе гэссэн сэтгэлтэй бүх хүнд нээлттэй. Ард санхүүгийн нэгдэлтэй хамтран гадаадад санхүү, эрүүл мэндийн бэрхшээл тулгарсан иргэдэд зориулсан “Тэрбум коин” хандивлах төсөлд хамтарч ажилласан. Сонгол, оролцоо гэдэг чухал тул котентууд хийсэн.
Цаашдаа боловсрол, соёлын чиглэлээр түлхүү ажиллахыг хүсч байгаа. Мөн хүний эрхийн чиглэлээр идэвхитэй ажиллана. Одоо бол киногоо гадагшаа гаргахад төвлөрч ажиллаж байна.
БОЛОВСРОЛЫН ОРГИЛ ЦЭГ БОЛ ДОКТОРЫН ЗЭРЭГ БИШ
–Хатуу хууль дүрэм гаргасан хэрнээ өөрсдөө мөрдөхгүй эхнэр, хүүхдээ арын хаалгаар эх оронд нь буцаасан асуудал ч гарсан. Хориг, хязгаарлалтаас илүүтэй хууль дүрэм тэгш бус үйлчилж байгаад олон нийт бухимдаж байх шиг санагдсан?
– Боловсролын оргил цэг бол докторын зэрэг биш. Харин бусдыг өөрийнхөө оронд тавих чадвар, ойлгож хайрлах сэтгэл. Титаник хөлөг онгоц шиг сүйрэхэд баячуудаа аврах завинд суулгаад, эрх мэдэлгүй танил талгүй хүмүүс нь үлддэг дээ. Тэр мэдрэмж л хамгийн түрүүнд бууж байлаа.
Зүгээр хүлээгээд суувал би хэзээ ч гэртээ харихгүй гэдгийг ойлгосон. Илүү зоригтой болсон. Амьдрал доошоо уруу, эсвэл дээшээ байх нь өөрөөс л шалтгаална гэдгийг ковидийн үеэр илүү ухаарлаа. Амаргүй байсан ч олон сайхан хүмүүстэй танилцлаа, хэцүү ч гэсэн энэ цаг хугацаанд амьдарч, тэмцэж, ухаажиж байгаадаа баяртай байна.
–Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье
С.ОТГОНСҮРЭН
Ажлын амжилт хүсье, шийдвэр гаргах түвшинд чам шиг зоригтой, боловсролтой залуус ажиллаж байж улс маань хөгжинө,