“АрдКоин” хэдэн хувийн ЭРСДЭЛТЭЙ вэ?

“Ард санхүүгийн нэгдэл” -ийн бүтээгдэхүүн болох “Ард коин”-ны ханш ханш  огцом өссөнтэй холбоотойгоор иргэд кион  худалдан авахаар  хошуурч байна. Үүнтэй зэрэгцээд  олон нийтийн дунд “Ард коин” эрсдэлтэй юу, мөнгөө алдах уу гэх асуулт гарч ирээд байгаа юм. Тэгвэл энэ талаар НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат  Биткоин, Ардкоины талаарх өөрийн ойлголт мэдээллээ хуваалцсаныг хүргэж байна. 

“Сүүлийн үед Ард коин, Бит коин, Pi гээд л бужигнацгааж байна. Миний ойр тойрны хүмүүс бас асуугаад байгаа учир аль болох энгийн үгээр, өөрийн ойлгож байгаагаар бичье. Буруу зөрүү зүйл байвал залруулж өгнө бизээ. Биткоин бол мөн шинэ үеийн “коммодити”, “Ард коин” бол дижитал эрин үеийн “хувьцаа” юмуу даа. Харин Pi бол яаж ч харсан криптовалютын дүр эсгэсэн пирамид (сүлжээ) харагдаад байгаа юм. Хуримтлалтай хүн түүгээрээ өөрөө бизнес хийж, “өөрийнхөө бизнест хөрөнгө оруулалт” хийж болно

. Гэхдээ хүн бүр авьяаслаг бизнесмэн, менежер болоод төрчихдөггүй. Нэг бол тэр мөнгөө банкинд хадгална. Найдвартай боловч, өгөөж нь харьцангуй бага. Алт гэх мэт коммодити хэлбэрээр хадгалж, эргэлдүүлж бас болно. Мэдээж үнэ өсөх, буурах эрсдэлтэй. Эсвэл өөр хэн нэг авьяаслаг менежерийн бизнесийг дэмжиж тийш хөрөнгө оруулалт хийнэ. Өөрөөр хэлбэл хувьцаа худалдан авна. Энд дурьдан буй нь бүгд хуримтлагдсан мөнгөө байршуулах уламжлалт аргууд юм.

Харин дижитал эрин үед “краудфайнанс” гэж юм гарч ирлээ. Өөрийнхөө санааг төсөл болгон бичээд, дэлхийн хаанаас ч санхүүжилт татах боломжтой. Тэр дундаа криптовалют нь ийм төрлийн хөрөнгө оруулалтыг маш хялбархан болгож өгч байна. “Ард коин”-ы тухайд бол олон улсад санхүүгийн үйл ажиллагаа явуулъя гэсэн бизнес төсөл, коин нь урамшууллын оноо.

Төслөө white paper гэдэг баримт бичигт тусгаж өгдөг. Түүнийг нь ирээдүйтэй гэж харсан хүн хормын дотор худалдан авах боломжтой. Мөн зарах ч боломжтой. Бирж дээр уламжлалт компанийн хувьцаа худалдан авах, зарах нь арай түвэгтэй.

Төрийн зохицуулалттай учраас тэр. Хүн төрөлхтний өмнөх алдаа онооноос суралцаж, хөрөнгө оруулагч нарыг хамгаалах зорилгоор санхүүгийн зах зээл дээр бий болсон тогтолцоо. Хэн дуртай нь бирж дээр компанийхаа хувьцааг гаргаад байж чаддаггүйг бүгд мэднэ. Олон шаардлага хангах ёстой.

Санхүүгийн болон үйл ажиллагааныхаа тайланг ном ёсоор байнга гаргана, компанийн засаглал нь нээлттэй, зөв байх ёстой гэх мэт. Үнэт цаасны тухай хууль, Компанийн тухай хууль гээд олон хууль журмын дагуу ажиллах шаардлага гарна. Гэтэл криптовалютын тухайд бол өөр. Шинэ токен гаргалаа гээд түүнийг худалдан авч байгаа хүмүүсийг хамгаалах зохицуулалт байхгүй. Энэ л өнөөдөр эрсдлээ тооцох, хаширлах гол шалтгаан мөн. Санхүүгийн зохицуулах хорооноос ч тийм анхааруулга гарсан байсан нь зүйн хэрэг.

Гэхдээ дүрэм журам гарч ирэхийг хүлээгээд байвал бид бас дэлхийн хөгжлөөс хоцрогдоно. Юутай ч эхлүүлэх хэрэгтэй. Алдаж онож байж урагшилдаг хорвоо. Өөрийнхөө хамаг байдгийг бариад туух биш, алдсан ч бүр баларчихгүй байхаар эрсдлээ тооцож хэмжээгээ мэдэж байршуулах нь зүйтэй. Ер нь ч өөр өөр олон төрлийн санхүүгийн хэрэгсэлд портфолио хувааж эрсдлээ тарааж байршуулах ёстой гэдэг бичигдээгүй дүрэм бий.

Хувьцаа ч тэр, коин ч тэр, тухайн бизнес схемийг санал болгож байгаа хүнд, түүний багт итгэх үү, үгүй юу, өөрөө түүнийг зөв таньж чадах “билгийн нүдтэй” юу үгүй юу. Амьдрал баян учраас бизнес мөрөөдөл нь биелэхгүй байхыг ч үгүйсгэхгүй. High risk, high return зарчим буюу томоохон өгөөж олж авъя гэвэл эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийнэ, харин өгөөж нь яах вэ, найдвартай л байдал чухал гэвэл банкинд хадгалах, Засгийн газрын бонд авах гэх мэт аргуудыг сонгоно.

Ард санхүүгийн өөрийнх нь баланс, ассетыг хэд нугалсан хувьцааны үнэ болчихлоо гэж анхааруулах хүмүүс бас байна. Зөв л дөө. Тогтсон бизнесийн тухайд бол хувьцааных нь үнэ тухайн компанийн цэвэр ашиг, cash-flow-н төлөвлөгөө, төсөөлөлтэй уялддаг. Харин ирээдүй рүү чиглэсэн бизнес төслийн тухайд түүнийг хэрэгжүүлэх гэж байгаа менежер, түүний багт итгэх үү, үгүй юу гэдэг асуудал.

Дээр хэлсэнчлэн, өөрт байгаа хуримтлалын мөнгөнөөс нэг хэсгийг бизнесийн шинэ санал, түүнийг хэрэгжүүлэх гэж байгаа багт найдаж оруулах эсэх асуудал юм. Нөгөө талаас бизнес санаагаа хэрэгжүүлэх гэж буй авьяаслаг менежер өөрт олдсон жаахан мөнгөөр хөдлөх үү, олон мянган хүнээс цугларсан том мөнгөөр хөдлөх үү. Хөрөнгө оруулагч нар тийм хүнийг дэмжих үү үгүй юу” гэжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *