Мобайл банк үйлчилгээний аюулгүй байдлын зөвлөмж
Гар утсаа ашиглан төлбөр тооцоо хийх хялбар боломжийг “Мобайл банк” үйлчилгээ олгодог хэдий ч таны санхүүтэй шууд холбогдож буй тул нууцлал хамгаалалтаа сайтар хангах нь чухал юм.
Хамгаалалт хэдий чинээ сайн байна, төдий чинээ таны нууцлал, мэдээлэл хамгаалагдана. Санхүүгийн аюулгүй байдал, нууцлалаа хамгаалахад хэрэглэгч таны үүрэг оролцоо хамгаас чухал тул дараах зөвлөмжүүдийг анхааралдаа авахыг хүсье.
- Мобайл банк үйлчилгээ нь таны утасны дугаар дээр суулган ашиглах үйлчилгээ тул гар утсаа бусдад ашиглуулахгүй байх, зайлшгүй шаардлагаар утсаа ашиглуулсан бол аюулгүй байдлын хяналтаа хийж хэвших
- Гар утсаа хараа хяналтгүй орхихгүй байх, автоматаар түгжигдэх тохиргоог хийх (3 минут болон түүнээс бага хугацаанд түгжигддэг байвал тохиромжтой)
- Бусдад зөвшөөрөлгүйгээр ашиглагдахаас сэргийлэн хурууны хээ, нууцлал сайтай нууц үг, царай таних функцийг ашиглан аюулгүй байдлаа хангах
- Сим картын аюулгүй байдлаа ханган аль болох таамаглахад хялбар пин код үүсгэхгүй байх, үүрэн телефоны байгууллагаас автоматаар үүсгэсэн энгийн тогтмол нууц үгийг заавал солих
- Утасны дугаараа өөрийн эзэмшил нэр дээр байлгах ба хэн нэгэн таны сим картыг сэргээх боломж нөхцөлийг бүрдүүлэхгүйгээр хамгаалагдсан байх
- Мобайл банканд нэвтрэх нууц үгээ утасны дугаар, төрсөн өдөр, хүүхдийн төрсөн өдөр гэх мэт хэт хялбар таамаглахад хялбар нууц үг үүсгэхгүй байх
- Утасны дугаараа сольсон тохиолдолд харилцах банкандаа мэдэгдэж, бүртгэлтэй утасны дугаарын мэдээллээ шинэчлүүлэх
Хэрэв та гар утсаа алдаж, гээгдүүлсэн тохиолдолд дараах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлээрэй.
- Өөрийн ашигладаг үүрэн телефоны компанидаа хандан сим картаа яаралтай хаалгах
- Цахим банкны нэвтрэх нэр, нууц үгийг шинэчлэх
- Харилцагч банкандаа хандан цахим банк, мобайл банк гэх мэт утсан дээр суурилсан цахим бүтээгдэхүүнээ хаалган санхүүгийн эрсдэлээс хамгаалаарай.
- Цахим Аюулгүй байдал нь энгийн зүйлээс эхлэлтэй гэдгийг анхааран өдөр тутамдаа аюулгүй байдлаа хамгаалан хэвшээрэй.