|

Ц.Наранзул : NGS технологийн нэг сая төгрөгийн өртөгт урвалж оношлуураас бусад зардал багтаагүй

УОК-оос гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан омикрон хувилбарыг илрүүлэх NGS шинжилгээний нэг хүнд ногдох өртөг 1 сая гаруй төгрөг өртөгтэй байдаг учраас дүүрэг, орон нутаг, эмнэлгүүдээс ирсэн эерэг сорьцуудаас түүвэрлэн цөөн тоотой хийдэг талаар мэдээлсэн. Тэгвэл тус мэдээлэлтэй холбогдуулан ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн тасгийн эрхлэгч, доктор Ц.Наранзул NGS шинжилгээний талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “NGS технологи гэдэг нь маш өндөр дэвшилтэт технологи. Өмнө хэрэглэж байсан уламжлалт технологитой харьцуулахад олон сорьцны болон түүнд агуулагдаж буй вирусийн биологийн материалын бүрэн удмын мэдээллийг ялган түүснээр вирусийн геномын дарааллыг харуулдаг шинжилгээний арга юм. Шинжилгээний арга маш нарийн. Энэхүү шинжилгээ нь хоёр үе шатаас бүрддэг. Тодруулбал, лабораторын шинжилгээний үе шат болон шинжилгээгээр гарсан дата анализыг боловсруулах үе шатууд юм. Тухайн хоёр үе шат нь маш олон талын ажилбараас бүрдсэн ажил байдаг.

Энэхүү дэвшилтэт технологи нь өөрөө үнэтэй байдаг. Тиймээс зөвхөн ганц сорьцод зориулж энэхүү технологийг ашиглавал эдийн засгийн хувьд асар их хор хохиролтой. Тиймээс сорьцын түүврийг маш оновчтой зөв тодорхойлох шаардлагатай.

Нэг шинжилгээнд 40 орчим ялгаатай сорьц болон түүнд агуулагдаж байгаа геномын бүрэн зураглалыг гаргаж ирнэ. Иймд шинжилгээнд зарцуулагдаж буй цаг хугацаа нь лабораторид оноогдож буй ачааллыг тодорхойлж байна. Энэхүү шинжилгээг аль болох эдийн засгийн хувьд ач холбогдолтой байх үүднээс олон сорьцод хийж гүйцэтгэвэл ашигтай байдаг. Лабораторын үе шат ойролцоогоор 7 хоног байдаг бол дата анализыг боловсруулах үе шат нь 7-10 хоногийг зарцуулдаг.

Тус шинжилгээнд зарцуулагдах үнэ төлбөр өндөр байдаг. Учир нь NGS технологи нь маш олон PCR-ын үе шатуудыг дамждаг тул үнэтэй урвалж оношлуур хэрэглэдэг.

Мөн цахим сүлжээнд NGS шинжилгээний үр дүнг PCR шинжилгээний үр дүнтэй андуурах тохиолдол гарч байна. NGS нь PCR-аас маш ялгаатай шинжилгээ бөгөөд вирусийн бүрэн геномыг тодорхойлох шинжилгээг хүн бүрд зориулж хийх боломжгүй.Энэхүү шинжилгээг хийхэд PCR-ийн цомог оношлуур, хэрэглэгдэхүүнүүд, урвалж бодисуудыг ашигладаг тул өртөг өндөр байгаа хэрэг юм. NGS шинжилгээний нэг сая төгрөгийн зардалд урвалж оношлуураас бусад зардал багтаагүй” хэмээн ярив.

Ташрамд дурдахад, хувилбарын генийн дарааллыг тогтоох лаборатори нь уг шинжилгээг бүх эерэг сорьцонд хийдэггүй бөгөөд олон улсын жишигээр зөөвөрлөгдсөн сэжигтэй сорьцнууд, орон нутаг ба дүүрэгээс ирсэн эерэг сорьцонд түүвэрлэн хийдэг аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *