АЖИЛГҮЙ ЗАЛУУСЫГ “өөрчлөх” 500 тэрбумын төсөвтэй сургалтыг Д.Сүрэнчимэгт даалгажээ

Засгийн газраас хэрэгжүүлж буй эдийн засгийг сэргээх 10 их наядын  хөтөлбөрт 5000  ажилгүй залуусыг сургалтад хамруулахаар  тусгажээ. Богино хугацааны сургалт зохион байгуулахад эхний ээлжинд 500 сая, цаашлаад 500 тэрбум төгрөг зарцуулах  гэнэ.

Энэ талаар НХХ-ийн сайд А.Ариунзаяа “Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих богино хугацааны сургалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Халамжаас хөдөлмөр эрхлэлтэд шилжих ажилтай энэ хөтөлбөр уялдаж байгаа” гэсэн юм.

Өнөөдрийн байдлаар хүнсний талон авч буй 43 мянган өрх дотор ажил, хөдөлмөр эрхлэх насны ажилгүй байгаа залуусыг нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй сургалтад хамруулъя гэсэн агуулгаар хөтөлбөрөө бэлджээ.

Энэ сургалтаар мэргэжил олгохоос илүүтэй хандлагын өөрчлөлт болоод хувь хүний хөгжил, хөдөлмөрийн зах зээлд ороход нь бэлтгэх зорилготой аж. Өөрөөр хэлбэл залууст 1 сая төгрөгийн тэтгэлэг өгч сургалтад хамруулснаар СЭТГЭЛГЭЭГ НЬ ӨӨРЧИЛНӨ  гэж үзэж.

Салбарын яам сургалт зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах үүрэгтэй оролцож байгаа ч гол ажлыг Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэгт хариуцуулсан гэх. Түүний хувьд өмнө нь Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын захирлаар ажиллаж байгаад 2020 оны 7-р сард Удирдлагын академийн захирлаар томилогдсон нэгэн.

Төсөв зардал өндөртэй энэ ажлыг дааж авсан Д.Сүрэнчимэг нь өмнө, одоо хашиж буй албан тушаалдаа эрх баригч намын  дэмжлэгээр очдог гэх мэдээлэл гарч байсан. Энэ удаа ч  Д.Сүрэнчимэгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ихэд дэмжиж   байгаа гэнэ.

Энэ талаар Д.Сүрэнчимэг захирлаас  тодруулахаар холбогдоход “Төсөл нь шийдэгдээгүй байгаа учир албан ёсны мэдээлэл өгөх боломжгүй” гэх хариулт өгсөн юм.

Тэгэхээр эхний ээлжийн 500 залууг сургаж, тус бүр 1 сая төгрөгийн тэтгэлэг олгоход 500 сая төгрөг зарцуулагдах тооцоо гарч байна. Үргэлжлүүлэн 1000, 5000 залуугийн зөвхөн сэтгэлгээг нь өөрчлөхийн  тулд   тэрбум тэрбумаар “цацаж” таарна. Түүнчлэн залууст АЖИЛГҮЙ гэх шалгуур, тодотгол зүүлгээд  “хувь хүний хөгжил, хандлагыг дээшлүүлнэ” гэх нь  оновчтой шийдэл  мөн үү?

Ivoice.mn

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *