УИХ-ын дарга Г.Занданшатар ЖАЙКА-гийн Хөдөө аж ахуйн ахлах зөвлөх Ш.Накада тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2024.05.14) Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Хөдөө аж ахуйн ахлах зөвлөх Шуничи Накада тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүндэт төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа баяртай байна гээд ноён Ш.Накадагийн хийж буй хүнсний зонхилох хэрэглээнээс хүнсний бус хэрэглээ рүү шилжих судалгаа нь Монгол Улсын хөгжилд нэн чухал шаардлагатай болохыг уулзалтын эхэнд тэмдэглэв.
Хөдөө аж ахуйн ахлах зөвлөх Ш.Накада хэлэхдээ, бид хуримтлуулсан туршлагаа олон улсад танилцуулдаг ба энэ удаад Монголын нөхцөл байдалтай танилцан судалгаа хийж, Япон Улсын хөдөө аж ауйн хөгжил, өнөөгийн нөхцөл байдал, уг чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, хоршоо болон бусад нэгжийн бүтцийн талаарх мэдээлэл, мөн хүнсний аюулгүй байдал сэдвийн хүрээнд мэдээлэл бэлтгэсэн бөгөөд цаашид хамтран ажиллахад таатай байх болно гэлээ.
Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэж буй энэ үед Хөдөө аж ахуйн ахлах зөвлөх Ш.Накадагийн боловсруулсан судалгаагаар хэлэлцүүлэг зохион байгуулах саналтай байгаагаа илэрхийлэв.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара болон албаны бусад хүмүүс байлцсан бөгөөд талууд сонирхсон бусад асуудлаар санал солилцлоо.