Казахстаны эрх баригчид Назарбаевын бас нэг хамаатныг өндөр албан тушаалаас нь чөлөөлжээ
Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев өмнөх ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын бас нэг хамаатныг өндөр албан тушаалаас чөлөөлөх захирамжийг өчигдөр гаргажээ.
Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны мэдээлснээр тус улсын Сонгуулийн Төв Хорооны дарга Берик Имашевыг ажлаас нь чөлөөлж, оронд нь Нурлан Абдировыг томилсон байна. Одоо 61 настай Имашев 2016 оны есдүгээр сараас хойш Сонгуулийн Төв Хороог удирдаж байсан юм.Түүний охин Айда Имашева экс ерөнхийлөгч Назарбаевын зээ хүү Нурали Алиевын гэргий юм байна.
Өчигдөр бас Казахстаны баялгийн сан Самрук-Казына тус улсын ерөнхийлөгчийн захирамжийн дагуу ажлын байрны цомхтгол явуулж, дээд албаны долоон менежэрээ чөлөөлснийг зарлажээ.
Үүнээс гадна Казахстаны Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Абай Саркулов ажлаасаа чөлөөлөгдсөн тухай тус банкны хэвлэлийн алба өчигдөр мэдээлсэн байна.
Өмнөх өдөр нь Токаев тус банкийг “санхүү, аж үйлдвэр, барилгын салбарт нөлөө бүхий цөөн хэдэн хүний хувийн банк болсон” хэмээн шүүмжилж байжээ.
Нэгдүгээр сарын эхээр Казахстаны зарим бүс нутагт шингэрүүлсэн хийн түлшний үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглаан болсон нь сүүлдээ засгийн газрын эсрэг тэмцэл, үймээн самуун болж өргөжсөн юм. Нийгмийн бухимдал өнөөдрийг хүртэл Казахстаныг далдаас удирдаж, эдийн засгийн бүх салбарт нь эрх мэдлээ тогтоосон экс ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын эсрэг чиглэж байв.
Үймээний үеэр ерөнхийлөгч Токаев эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж, Назарбаевын ойрын хүмүүсийг Казахстаны улс төр, эдийн засгийн амьдралаас зайлуулах арга хэмжээг авч эхэлсэн юм.
Эх сурвалж: Radio Free Europe