Оросын цэрэг Украин руу халдвал АНУ-ын засаг захиргаа Путиний эсрэг хориг тавина
Хэрвээ Оросын цэрэг Украин улс руу халдан түрэмгийлбэл Владимир Путинийг хувь хүнийх нь хувьд хатуу хориг арга хэмжээгээр шийтгэхээ АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден амлажээ.
Өчигдөр Вашингтон хотод болсон хэвлэлийн хурлын үеэр тэр энэ тухай сэтгүүлчийн асуултад хариулахдаа “тийм” гэж товчхон хариулсан байна.
Байден цааш нь ярихдаа Украины газар нутагт халдвал “дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн том эзлэн түрэмгийлэл” болж, дэлхий дахинд ноцтой үр дагавар авчрахыг анхааруулжээ.
Тэрбээр Зүүн Европт NATO-гийн хүч нөлөөг нэмэгдүүлэх явдлыг тууштай дэмжихээ илэрхийлсэн байна.
Харин АНУ-ын засаг захиргаа дангаараа Украин руу цэрэг илгээх төлөвлөгөөгүй байгааг энэ үеэр мэдэгджээ. Өчигдөр бас Оросын талаас Европт байгалийн хий, газрын тосны нийлүүлэлтээ зогсоовол хэрхэн дэлхийн бусад орнуудаас нөхөх төлөвлөгөө боловсруулж байгаагаа Байдены засаг захиргааныхан мэдээлсэн байна.
ОХУ нь одоогоор Европын Холбооны хий, түүхий газрын тосны импортын гуравны нэгийг хангадаг.
АНУ-ын ерөнхийлөгчөөс гадна өрнөдийн бусад удирдагчид Украинд халдсан тохиолдолд Оросын эсрэг ямар хариу арга хэмжээ авахаа өчигдөр мэдэгдсэн байна.
Тухайлбал Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон зүүн Европ дахь NATO-гийн холбоотнуудаа хамгаалахын тулд цэрэг илгээхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.
Тэр бас шаардлагатай тохиолдолд Орос улсыг олон улсын төлбөр тооцооны сүлжээ SWIFT-ээс салгах санааг дэвшүүлсэн юм.
Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон ирэх Баасан гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж, Москвагийн эрх баригчдын Украины талаар баримталж буй бодлогыг тандах төлөвлөгөөтэй байгаагаа хэлсэн байна.
Одоогийн байдлаар ОХУ-ын 100,000 орчим цэрэг болон их хэмжээний зэвсэг, техник Украины умард, өмнөд, дорнод хилийн ойролцоо хуримтлагдаад байгаа. Гэхдээ Москвагийн эрх баригчид Украинд халдах төлөвлөгөөгүй гэдгээ дахин дахин илэрхийлж байна.
Өчигдөр Украины ерөнхийлөгч Володимир Зеленский телевизээр үг хэлэхдээ “дайн гарах нь гарцаагүй зүйл биш” хэмээн ард иргэдээ тайтгаруулжээ. “Бүх зүйл хүүхдийн гэнэн төсөөлөл шиг тийм амархан биш. Итгэл найдвар тасраагүй байна. Бие махбодоо вирусээс, тархи толгойгоо худал хуурмагаас, зүрх сэтгэлээ айдас хүйдсээс хамгаалаарай” гэж тэр мэдэгдэлдээ өгүүлсэн байна.
Эх сурвалж: BBC