“Бид хэрэлдсээр байгаад бүх өв соёлоо устгаж ахмадаа ч хүндэлж чадахаа болилоо”
УИХ-ын ээлжит бус хуралдаанаар ахмадуудын тэтгэвэр нэмэх асуудлыг өнөөдөр хэлэлцсэн билээ. Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийн байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр ,Монгол Улсын Ерөнхийлөгч чиглэл өгсний дагуу ЗГ тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх хуулийн төслийг оруулж ирж байгаад маш их баяртай байгаа. Ахмадууд үнэхээр өнөөдөр ядуу амьдарч байна. Наян хувь нь хөдөлмөрийн хөлснөөс доогуур хэмжээний орлоготой. Өнгөрсөн хугацаанд би тэтгэврийн шинэчлэлийг олон жил ярьсан.
Ер нь бид цаашид тэтгэврийн шинэчлэлийн ажлаа эрчимтэйхэн шиг явуулахгүй бол эхлүүлсэн нэртэй орхигдуулаад байж болохгүй. Ээлжит бус чуулган зарлаад ч хамаагүй Хувийн тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын багц хуулиа ярилцах ёстой. Одоо ЗГ эрчимтэй сайн ажиллаж байна.
Мөн нэмж хэлэхэд, тэтгэвэр бол улс төржүүлэх сэдэв огт биш шүү. Бид улс төржүүлж хэрүүл хийсээр байгаад “хэрүүлийн бузар” боллоо. Хэрүүл хийсээр баяр наадмаа өнжлөө, бөхөө барилдуулж чадахаа байлаа, сүүлдээ сар шинээрээ ч ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлж болохоо байлаа. Хэвийн боов тараавал хариуцлага хүлээнэ ч гэнэ үү, ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлэх нь Монгол ёс юм шүү.
Хэрүүлийн бузраа жаахан хойш нь тавьж тал талдаа олон зүйл бодолцохгүй бол болохгүй шүү. Энэ улс орноо самарч дууслаа. Тэр жагсаад байдаг нөхдүүд тэр Нийгмийн даатгалын санг цөлмөсөн хүмүүс дээр, аав дээрээ очиж тэр жагсаал цуглаанаа хийгээрэй.
Тэтгэврээр хүмүүс их улс төрждөг болсон. Хууль санаачилж үзээгүй, нэг үсэг ч тавьж үзээгүй Т.Доржханд гэдэг поп нөхөр бий болсон. Энэ хүн С.Одонтуяа гишүүний тархийг нь угаагаад сүүлдээ ул боов тараавал хуульчилна гэж ярьдаг хийх ажилгүй нэг хүн байна. Хэдэн жагсагч нарт мөнгө өгөөд эхлээд бид наадамгүй болсон. Бөх нь барилдаж чадахгүй цагаан сар ч үгүй боллоо. Ахмадаа дээдэлж, хүндэлж чадахаа ч болих юм байна.
Өнөөдөр АН-ын мөнхийн дарга С.Эрдэнэ гэдэг нөхрөөс НДС-гийн мөнгийг нэхмээр байна. Хүүд нь бас хэлмээр байгаа юм. Гудамжинд жагсаж явж байхаар аав дээрээ очоод жагсаал хий. Ааваасаа очиж мөнгө олж ир” гэв.