СУДАЛГАА : Дотуур байр, сургуулийн орчинд охидод АЦХ үнэгүй тараах санаачлагыг 35 аас доош насныхан илүүтэй дэмжжээ
УИХ-ын нэр бүхий гишүүд сургуулийн орчинд охидод ариун цэврийн хэрэглэлийг хүртээмжтэй, үнэ төлбөргүй олгох асуудлыг төрөөс бодлогоор дэмжиж, төсөв шийдэх хэрэгтэй гэх байр суурь өчигдрийн сошиал сүлжээн дэх анхаарал татсан сэдэв байлаа. Уг асуудалд твиттер, фэйсбүүк, фэйж хуудас, групп дэх сэтгэгдэл, байр суурь нь талцсан өнгө аястай байсан ч түүвэр анализ хийхэд дэмжсэн байр суурь давамгайлжээ. Мөн уг асуудал хэвлэл мэдээллийн байгууллагууд , сэтгүүлчдийн анхаарлыг ч татсан юм.
Хууль санаачлагчдын хувьд дэлхий дахинд уриалга, хуулийн орчныг бэхжүүлэх хэлбэрээр амжилттай хэрэгжсэн “Тампон такс” уриалгыг иш татаж охидын ариун цэврийн хэрэглэлийг хямдруулах, татваргүй болгох, дунд сургуулийн орчинд үнэгүй байршуулах нь хүний эрхийн асуудлыг шинэ шатанд гаргах боломж гэж харж буйгаа илэрхийлжээ.
Бүр дээрх асуудлыг Шинэ Зеланд, Шотланд, Өмнөд Африк зэрэг дэлхийн 21 улс, бүс нутагт охидод ариун цэврийн хэрэгслийг үнэ төлбөргүй олгохоор хуульчилсан байдаг аж.
Харин манайд урьд өмнө төдийлөн яригдаж байгаагүй шинэ сэдэв. Дээрх кэйстэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам, М.Оюунчимэг нарын гишүүд эхлээд судалгаа хийх шаардлагатай гэж буйгаа илэрхийлсэн байна.
Харин олон нийт дээрх асуудалд ямар байр суурьтай байгааг твиттер, фэйсбүүк, мэдээллийн сайтууд дахь байр суурь, сэтгэгдэлд Олон нийтийн санаа бодол судалгааны шийдэл төв анализ хийснийг тоймлон хүргэж байна.
Твиттер хуудсанд 78 хувь нь дэмжжээ
Охидын ариун цэврийн хэрэглэлийг үнэгүй олгох, бодлогоор дэмжихтэй холбоотой твиттер-ийн чөлөөт хайлтын үр дүнд өндөр хандалт бүхий жиргээ, түүний сэтгэгдлийг түүвэрлэхэд 78 хувь нь дэмжсэн байр суурьтай байна. Харин 16 хувь нь өсвөр насныхны асуудал мөн. Гэхдээ шийдлээ зөв олох хэрэгтэй гэх байр суурь илэрхийлсэн байна. Харин эрс шүүмжилсэн нь 15 хувийг эзэлжээ. Шүүмлэгчдийн хувьд төсвийн мөнгөөр ариун цэврийн хэрэглэл тараах гэж байна, нэр хүндээ өсгөх гэж байна, өөр санаа зовох олон асуудал байна, хувийн бизнесээ дэмжи х гэж байна гэх байр суурь давамгайлжээ.
Фэйсбүүк орчинд 42 хувь нь дэмжиж, 58 хувь нь шүүмжилжээ
Дээрх санаачлагын талаарх пэйжүүд, тэдний сэтгэгдэлд анализ хийхэд 22 хувь нь өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудал, хүний эрхийн мэдрэмжтэй хандах хэрэгтэй гэсэн бол 16 хувь бизнес хийх гэж байна, хийх ажи лгүй юмаа, 22 хувь нь хавтгайрсан халамжаа зогсоо гэж шүүмжилжээ.
Мэдээллийн тархалтын тухайд доромжилсон, хараасан байр суурьтай акаунтуудын олох нь хуурамч акаунтууд байна.
Дээрх байр сууриудыг багцлан дүгнэхэд фэйсбүүк орчинд иргэд, олон нийтийн 42 хувь нь дэмжиж, 58 хувь нь шүүмжилсэн байна.
Сайтуудад нийтлэгдсэн мэдээлэлд 56 хувь дэмжиж, 42 хувь нь шүүмжилсэн байр суурь илэрхийлжээ
Охидод ариун цэврийн хэрэглэл үнэгүй олгох, энэ бодлогыг төрөөс дэмжих хэрэгтэй гэх агуулга бүхий гарчигтай мэдээ, тодруулгыг 20 гаруй сайт мэдээлжээ.
Сайт уншигчдын байр суурийг дүгнэж үзэхэд 39 хувь нь зөв санаачлага, дэмжиж байна, 25 хувь нь хүний эрхийн асуудал, шаардлагатай хүндээ хэрэгтэй, 20 хувь нь тулгамдсан олон асуудал байна, төсвөөс мөнгө шийдэх нь буруу, 16 хувь нь олон улсын туршлага бий, сургуулиудад хэрэгжүүлэх нь зөв гэжээ.
Охидын ариун цэврийн хэрэглэл тойрсон асуудлыг дэмжих байр суурь өсөх хандлагатай байна
Охидын ариун цэврийн хэрэглэл тойрсон асуудлаар фэйсбүүк, твиттер, сайтуудын мэдээ, сэтгэгдэл, постод хийсэн судалгааны дунджаас харахад 58.6 хувь нь дэмжиж 39 хувь нь шүүмжилжээ. Насны хувьд авч үзэхэд 35-аас доош насныхан дэмжиж байгаа бол 50–иас дээш насныхан шүүмжлэх хандлага ажиглагдаж байна.
Хүний эрхийг хамгаалах, охид эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, тэгш байдлыг бодлогын түвшинд гаргаж энэ чиглэлээрх олон асуудлыг шийдвэрлэх алхамыг зоригтой эхлүүлсэн эрхэм гишүүний санаачлагын сайн талыг олж харахад үнэндээ олон нийтээс жендэрийн боловсол шаардаж байна уу гэлтэй. Бүх зүйлийг харлуулж чаддаг сошиал хэрэглэгчийн нүдэндҮНЭГҮЙ гэдэг үг л торж төсвийн мөнгийг үрэх нь гэсэн хардлагын ард хүний эрх, охид үлдээд байна. Сонгогчид асуудлын цаад талыг харах чадваргүй болжээ.