Нийт сурагчид танхимаар авах ёстой мэдлэг чадварынхаа 50 хувийг л эзэмшсэн

ЮНЕСКО: Дан ганц сурлагын хоцрогдол бус сэтгэл санааны хямрал давхацсан “нэгэн үеийнхний сүйрэл”

Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлаас үүдэн манай улс 2020 оны хоёрдугаар сарын 3-наас хойш хоёр удаа танхимын сургалтыг бүрэн зогсоож, өнөөдрөөс эргэн танхимаар хичээллэж эхлээд байна. Хичээлийн шинэ жил мэт шинэ улирлын хичээлийн эхний өдөр Улаанбаатарчууд замын түгжрэлтэй дахин танилцаж, энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ тархи уралдуулан хэлэлцэж байна. Харин энэ улирлын шийдвэрлэх гол асуудал нь ЗАМЫН ТҮГЖРЭЛ бус, харин хоёр жил тогтвортой хичээллэж чадаагүй хүүхдүүдийн ТАРХИН ДАХЬ ТҮГЖРЭЛ юм.

2021 оны тавдугаар сарын байдлаар ЕБС-ийн сурагчид бүтэн нэг хичээлийн жилтэй тэнцэх хугацаанд теле болон цахим хэлбэрээр суралцсан тухай БШУЯ-ны цогц төлөвлөгөөнд тэмдэглэсэн байдаг. Үүнд:

  • 2020 онд аймаг, орон нутаг, нийслэлд 75 өдөр (15 долоо хоног) буюу тухайн хичээлийн жилийн сургалтын нийт хугацааны 47%-тай тэнцэх хугацаанд
  • 2021 онд аймаг, орон нутагт 100 өдөр (20 долоо хоног) буюу тухайн хичээлийн жилийн сургалтын нийт хугацааны 62%, нийслэлд 110 өдөр (22 долоо хоног) буюу сургалтын нийт хугацааны 68%-тай тэнцэх хугацаанд цахимаар суралцжээ.

Дэлхийн 30 улс ЕБС-ийн сургалтыг бүрэн, 70 улс хэсэгчлэн түр зогсоосноос 1.6 тэрбум сурагч буюу нийт сурагчдын 91 хувь нь цар тахлын нөлөөнд өртөж, нэг тэрбум сурагч сурлагын хоцрогдолд орсон гэх харамсалтай тоо мэдээллийг ЮНЕСКО онцлов. Түүнчлэн боловсролын салбарын энэхүү үзэгдлийг дан ганц сурлагын хоцрогдол бус сэтгэл санааны хямрал давхацсан “нэгэн үеийнхний сүйрэл” хэмээн тодорхойлж байна.

Нийт сурагч танхимаар авах ёстой мэдлэг чадварынхаа 50 хувийг л эзэмшсэн

Цахим хичээл бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжсэн тухай ЕБС-ийн есдүгээр ангийн сурагч Г.Н-тай яриа өрнүүлэв.

-Сургууль дээрээ очилгүй, гэрээсээ суралцах ямар байсан бэ?

-Ангийнхнаа их санадаг юм байна. Биеийн тамир, дуу хөгжим зэрэг дуртай хичээлдээ биеэр оролцож чадахгүй, хараад суух хэцүү байсан.

-Хичээлээ ойлгохгүй, гэрийн даалгавраа хийж амжихгүй байх зэрэг асуудал тулгарсан уу?   

-Хичээлээ үзэж байхад гэрийнхэн хажууд өөр юм хийгээд сатааруулаад байдаг. Тэмдэглэж амжаагүй байхад зарим хичээл гараад дуусчихдаг. Бас хичээлээ нөхөөд, гэрийн даалгавраа хийх гэхээр дүү нараа харах, гэрээ цэвэрлэх, хоол хийхэд туслах гээд л олон ажил гараад ирчихнэ. Ер нь л тогтож суусан удаа бараг байхгүй дээ.

Хичээлээ хийж амжихгүй байгаа тухайгаа дуу муутайхан ярих түүнтэй адил жишээ олон бий.

Цар тахалтай хүнд үе сурагчдын хичээлээсээ хоцрогдох нэгэн шалтгаан болж буйг бид бүгдээрээ мэднэ. Харин энэ талаар БШУЯ “Хүүхдүүд авах ёстой мэдлэгийнхээ 60-70 хувийг танхимаар авдаг. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд байдал эсрэгээрээ эргэж, нийт агуулгын 60-70 хувийг зайнаас олгосон” гэж мэдээллээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Ажилдаа очиж ангидаа сууж үзээгүй шинэ багш, ангийнхантайгаа уулзаж үзээгүй бүхэл бүтэн үе бий болсон байна. Хоёрдугаар ангийн сурагчид уншиж чадаж байгаа ч ойлгодоггүй, тоо нэмж чадаж байгаа ч утга нь юу илэрхийлж байгааг мэдэхгүй байна. Нийт сурагч танхимаар авах ёстой мэдлэг чадварынхаа 50 хувийг л эзэмшсэн” хэмээн онцлов.

Өнгөрсөн онд БШУЯ-наас Хичээл сургуулийг нээхтэй холбоотойгоор зөвлөмж өгөх ажлын хэсэг байгуулан 700 орчим багшаас санал асуулга авсан байна. Судалгаагаар  цаашид хичээл сургалтын үйл ажиллагааг:

  • 100% Танхимаар – 64 хувь
  • 100%  Цахимаар – 23 хувь
  • Хосолсон – 13 хувь үргэлжлүүлэх нь зөв гэж хариулжээ.

Сургууль завсардалт дөрвөн жилийн өмнөхөөс 60 хувиар өсөж, 2,000 орчим хүүхэд орхигдох эрсдэлтэй байна

Боловсролын хүрээлэнгийн судалгаанаас харахад дэд бүтэц, интернэт, гэрэл цахилгаангүй, гэр бүлийн орчинд нь техникийн боломж нөхцөл бүрдээгүйн улмаас улсын хэмжээнд 180 орчим мянган сурагч теле болон цахим сургалтад хамрагдаж чадаагүй байна.

2021 оны гуравдугаар сарын 1-нээс орон нутгийн ЕБС-ийн танхимын сургалтын үйл ажиллагаа эхлэхэд 47 мянга гаруй хүүхэд хичээлдээ хамрагдаагүй бөгөөд 1,450 сурагч эцэг эхийн хамт оторлож сургуулиасаа хөндийрснөөр сургууль завсардах эрсдэлтэй болохыг анхааруулав. 2022 оны байдлаарх сургууль завсардсан хүүхдүүдийн тоог дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулахад 60 орчим хувиар өсжээ.

Сурагчид хичээлдээ идэвхтэй оролцож чадаж байгаа эсэхийг тодруулахаар бага ангийн багш Ч.Т-тэй ярилцсан юм.

-Алсын зайны сургалт сурагчдад тэгш хүрч чадаж байна уу?

-Цахим хичээлийн хувьд цаг хугацаа хэмнэх, эрүүл мэндээ хамгаалах гээд сайн тал олон. Гэхдээ бага ангийн хүүхдүүдтэй тулж ажиллах шаардлагатай байдаг. Асран хамгаалагчийн оролцоо их чухал. Зарим эцэг эх хүүхдэдээ анхаарал хандуулахгүй байх, хичээлээс өөр зүйл хийлгэх, тэр ч бүү хэл харах хүнгүй гээд хөдөө сүлжээгүй газарт эмээ өвөөгийнд нь аваачих тохиолдол их гарч байна.

-Хичээлээ илүү үр дүнтэй болгохын тулд нэмэлт цаг гарган тулж ажилладаг уу?

-Тэгэлгүй яахав. Бага ангийн суурь боловсрол хүүхдийг цааш хөгжиж дэвжих үндэс болж өгдөг. Хичээлдээ сонирхолгүй болох вий гэж маш их санаа зовдог. Хүүхдүүд шинэ сонирхолтой зүйл суран түүнийгээ бичлэг болгон явуулах дуртай байдаг мөн хичээлийн үр дүн ч сайн гардаг. Гэвч интернэтгүй, утасгүй хүүхдүүдэд хүндээр тусах, өөртөө итгэлгүй болох зэрэг  бэрхшээл их тулгарч байна.

Алдах эрхгүй цаг хугацаа

Дан ганц манай улсад боловсролын асуудал тулгарсангүй. 11 орны 131 сая хүүхдийн 59 хувь нь буюу 77 сая орчим нь танхимаар суралцаагүй ба улс орнуудын 27 хувь нь сургуулиа бүрэн болон хэсэгчлэн хаажээ. ЮНЕСКО-ийн сүүлийн үеийн тоо баримтаар бүх шатны боловсролын байгууллагад суралцаж буй 870 сая сурагч сурлагын хоцрогдолтой нүүр тулгараад байгаа аж.

Өнгөрсөн онд Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган хуралдаж зарим улс орны засгийн газарт хандан сургуулиудыг аль болох хурдан нээхийг уриалан “Алдах эрхгүй цаг хугацаа” үзүүлэнг зохион байгуулсан юм. Тус уулзалтын үеэр олон чухал асуудлыг хөндсөнөөс гадна “Алдах эрхгүй цаг хугацаа” хэмээн нэрлэснээрээ маш том бөгөөд оновчтой санааг илэрхийлж чадсан юм.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш “Бид бүхэл бүтэн нэг үеийнхэнд шударга бус хандаж, тэдний ирээдүйг эрсдэлд оруулж байна. Иймээс сургуулиа нээж боловсролыг хэвийн горимд нь оруулах, цар тахлын үед боломжоо алдсан хүүхдүүдэд туслах шаардлагатай. Бидэнд алгуурлах цаг байхгүй” гэжээ.

БШУЯ: Цаашид 100 хувь танхимын сургалт ороход анхаарч ажиллах шаардлагатай

Сурагчид хичээлийн хоцрогдолтой, чанаргүй, хам хум боловсролтой анги дэвшиж байгааг бүгд мэднэ. Өнгөрсөн зүйлийг тойрч ярихын оронд цаашдаа боловсролын байгууллага ямар бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэн, эдгээр бэрхшээлийг арилгах вэ гэдэгт анхаарах нь зүйтэй юм.

Уг асуудлын хүрээнд БШУЯ багш нарын дунд явуулсан судалгааны үр дүнг тайлагналаа.

Судалгаанд оролцогчдын дийлэнх нь 100 хувь танхимаар хичээллэхийг дэмжсэн бөгөөд багшийг цахим сургалт явуулах боломжоор хангах, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх  тал дээр анхаарч ажиллах шаардлагатай хэмээн онцлов. Түүнчлэн эргэн холбох, нөхөх, тогтворжуулах гэсэн дарааллаар хоцрогдол арилгах төлөвлөгөө боловсруулсан байна.

Өдөр хоног өнгөрөх тусам шинэ хувилбаруудад шилжиж, хэлбэрээ өөрчлөн тархаж буй энэ вирусийг устаж үгүй болтол хүлээх нь тодорхойгүй бөгөөд магадгүй эцэс төгсгөлгүй хүлээлт болохыг ЮНЕСКО ч хүлээн зөвшөөрсөн билээ. Тэгэхээр боловсролгүй, төлөвшилгүй, цахим хэрэглээнээс хараат бүтэн нэг үеийг бий болгохгүйн тулд өнөөдрөөс боловсролын салбарт тогтвортой, оновчтой бодлого хэрэгжүүлж, сурч боловсрох эрхийг нь хүүхдүүдэд олгох хэрэгтэй байна.


Коронавируст цар тахлын үед Монгол Улсын хэмжээнд ажиглагдаж байгаа хүний эрхийн зөрчлийн тухай олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, хуулийн дагуу олон нийтийн эрхийг хангуулах “Эрхээ эдэлье” санаачилгын хүрээнд бэлтгэв. 

Коронавируст цар тахлын үед хэрэгжсэн захиргааны шийдвэрүүдээс шалтгаалан хүний эрх зөрчигдсөн явдал, эрхийн зөрчлийг хуулийн хүрээнд арилгуулахаар зорьж буй аяны тухай мэдээллийг Фиделитас Партнерс ХХН-ийн Фэйсбүүк хуудаснаас авна уу?

Эх сурвалж: ikon.mn

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *