Монголчуудын 66 дахь МАРТЫН 8
1955 оны зургадугаар сарын 8-ны өдөр БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчид Баяр ёслолын болон тэмдэглэлт өдрийн тухай 137 дугаар зарлиг гаргаж байсан түүхтэй. Тус зарлигт Ардын хувьсгалын ойн баяр Долдугаар сарын 11,12, Аугаа их Октябрийн социалист хувьсгалын ойн баяр 11 дүгээр сарын 7-ны өдөр гээд Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр 3 дугаар сарын 8-ны өдрийг жил бүр тэмдэглэж байхаар дурдсан байдаг.
Энэ үеэс эхлэн Монгол улсад өнөөдрийг хүртэл Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг 66 дахь удаагаа тэмдэглэж байна.
Харин 1995 онд эмэгтэйчүүдийн баярын өдрийг хүүхдийн баярын өдөртэй нэгтгэн “Эх үрс”-ийн баяр болгон тэмдэглэх Ерөнхийлөгчийн зарлиг гарснаар “Олон улсын эмэгтэйчүүдийн баяр” тэмдэглэлт өдрөөс хасагдсан байв. Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль 2003 онд дахин батлагдахад тухайн үеийн УИХ-ын гишүүн асан Н.Гэрэлсүрэнгийн санаачлагаар “Эх үрс”-ийн баярыг хооронд нь салгаж Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг бүх нийтээр тэмдэглэх өдөр болгон сэргээсэн түүхтэй.