Дэлхийн бусад орнуудад МАРТЫН-8-ны өдрийг хэрхэн тэмдэглэдэг вэ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Мартын 8”-ны баярын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг дэлхийн олон оронд  өөр, өөр тэмдэглэдэг байна.

НҮБ-ын зүгээс “Мартын 8”-ныг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, хөдөлмөрийн зах зээл дээрх тэдний эрх тэгш байдлыг бий болгоход уриалах албан ёсны баяр гэж тооцдог аж.

АНУ-д XIX зуунд үйлдвэрчний эвлэл байгуулагдан хүчээ авч эхлэхэд үйлдвэрийн эмэгтэй ажилчид ажлын 16 цагийг 10 болгох, ажиллах орчныг сайжруулах шаардлага тавин 1857 оны 3-р сарын 8-нд жагсаал хийжээ. Энхүү өргөн хүрээтэй жагсаалын дараа тухайн үед эмэгтэйчүүд ҮЭ-ийг шинээр байгуулж олноороо гишүүнээр элссэн түүхтэй.

Эмэгтэйчүүдийн өдрийг АНУ-д Америкийн социалист намын шийдвэрээр1909 оны 2 дугаар сарын 28-нд тэмдэглэсэн байдаг. Түүнээс хойш Эмэгтэйчүүдийн эрх, түүний дотор сонгуульд оролцох эрхийн төлөө тэмцэх “Олон улсын хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн өдөр”-ийг тэмдэглэх тухай шийдвэрийг 1910 онд Копенгаген хотноо болсон хоёрдугаар Социалист Интернационалын хурлын өмнө зохион байгуулсан Олон улсын эмэгтэйчүүдийн бага хурлаас шийдвэрлэжээ.

ОХУ-д эмэгтэйчүүд “Талх ба энх”-ийг шаардсан ажил хаялтыг 1917 оны хоёрдугаар сарын сүүлийн ням гаригийг сонгон зохион байгуулж байжээ . Энэ өдөр нь тухайн үеийн Орос оронд хэрэглэж байсан Юлианы тооллын хоёрдугаар сарын 23-ны өдөр буюу дэлхий нийтийн Грегорийн тооллын буюу 3 дугаар сарын 8-ны өдөр байв. ОХУ-д Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэж эхэлсэнээс улбаатай монголчууд Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Мартын-8”-ыг тэмдэглэх болсон хэмээн зарим судлаачид тайлбарладаг.

МОНГОЛ

Монгол Улсын хувьд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилж өргөн дэлгэр баярлан өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Тэгвэл дэлхий дахинд энэ баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ?

ОРОС

Манай хойд хөрш ОХУ энэ баярыг хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг аж. Энэ өдөр бүх нийтээрээ амардаг ч баярын үйл ажиллагаа 3-4 хоног үргэлжилж бэлэг дурсгал, цэцгийн баглаа хамгийн ихээр зарагддаг байна.

ХЯТАД

Хятадын Засгийн газраас гуравдугаар сарын 8-нд эмэгтэйчүүд хагас өдөр ажиллах ёстой гэж хуульчилсан байдаг аж. Гэхдээ ихэнх ажил олгогчид энэ өдөр эмэгтэйчүүдийг бүтэн цагаар ажиллуулдаг байна.

ИТАЛИ

Итали улсад олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг дэлхийн хоёрдугаар дайны үеэс тэмдэглэж эхэлжээ. Тэд энэ өдрийг “la Festa della Donna” гэдэг бөгөөд бүсгүйчүүдэд “mimosa” цэцэг бэлэглэдэг байна.

АНУ

Харин АНУ-д зөвхөн энэ өдрийг бус гуравдугаар сарыг бүхэлд нь эмэгтэйчүүдийн түүхийн сар болгон тэмдэглэдэг аж. Жил бүрийн гуравдугаар сарын найманд Ерөнхийлөгчийн тунхаглал гаргаж аливаа салбарт амжилт гаргасан эмэгтэйчүүдийг сайшаан, шагнадаг байна.

Өөр нэгэн сонирхолтой мэдээллийг хүргэхэд олон улсын эрэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэж байдаг бөгөөд энэ нь жил бүрийн арваннэгдүгээр сарын 19-нд тохиодог байна. Анх 1990 оноос эхлэн дэлхийн 60 гаруй оронд энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн ч НҮБ-ын зүгээс албан ёсны баярт тооцдоггүй байна.  

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *