АНУ омикроны хувилбаруудад зориулж бүтээсэн вакциныг баталлаа
АНУ-ын Хүнс, эмийн захиргаа омикроны “BA.4” болон “BA.5” төрлүүдэд зориулж бүтээсэн “Pfizer/BioNTech”, “Moderna” компаниудын вакциныг лхагва гарагт (2022.08.31) баталсан байна. Тэдгээр вакцинуудад омикроны шинэ төрлөөс гадна коронавирусийн хамгийн анхны хувилбарын хэсгийг багтаасан аж.
“Moderna”-ын нэмэлт тунд 18-аас дээш насны, анхны тунгууддаа хамрагдсан, өмнөх нэмэлт тунгаа хоёр дор хаяж хоёр сарын өмнө хийлгэсэн хүмүүс хамрагдах юм. Харин “Pfizer/BioNTech”-ийн омикроны шинэ хувилбаруудад бүтээсэн вакциныг 12-оос дээш насны хүмүүст тарих зөвшөөрөл олгосон байна. Хүнс, эмийн захиргааны коммисар Роберт Калифф вакциныг баталсны дараа “Намар ирж, хүмүүс байшин барилга дотор илүү их цагийг өнгөрөөж эхлэх тул нэмэлт тунд хамрагдах боломжтой хүмүүсийг вакцинаа тариулаарай гэж зөвлөж байна” хэмээжээ.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ