“АШУҮИС дент” шүдний эмнэлэг, нүүдлийн шүдний амбулаторио шинээр нээлээ

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль “АШУҮИС дент” шүдний эмнэлэг, нүүдлийн шүдний амбулаторио шинээр нээж, үйл ажиллагааг нь эхлүүллээ.

Засгийн газраас амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, хүүхдийн шүд цоорох өвчний тархалтыг бууруулах чиглэлээр үндэсний хэмжээнд “Шүд” төслийг боловсруулсан.

2024 оноос хэрэгжүүлнэ. Уг шийдвэрийн дагуу Эрүүл мэндийн сайдын тушаал гарч, “Шүд” төсөл боловсруулах ажлын хэсгийг Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболдоор ахлуулан байгуулжээ.

Дэд сайд С.Энхболд “АШУҮИС дент” эмнэлэг, нүүдлийн шүдний амбулаторийг нээв. Тэрээр “Ерөнхий сайдын санаачилгаар улс орон даяар зохион байгуулж буй эрт илрүүлэг, үзлэг оношилгоо шинжилгээнд хамрагдсан 0-17 насны хүүхдүүдийн 75,9 хувьд амны хөндийн өвчлөл, тэр дундаа шүд цоорох өвчтэй байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ төслийг эхлүүлэх чиглэл өгч, Эрүүл мэндийн сайдын А/124 дүгээр тушаалаар төслийг боловсруулан хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. АШУҮИС  дэргэдээ шүдний эмнэлэг, нүүдлийн шүдний амбулатори шинээр нээж байгаа нь төслийг амжилттай хэрэгжүүлэхэд том дэмжлэг үзүүлнэ” гэв.

“Эрүү, нүүр, шүдний үндэсний төв” байгуулна.

Нүүдлийн шүдний амбулаториор алслагдсан дүүрэг, орон нутгийн иргэд үйлчлүүлэх боломжтой. Мөн дээрх эмнэлгүүдэд энэ чиглэлээр бэлтгэж байгаа боловсон хүчнийг ажлын байранд сургах бололцоо бүрджээ.

“Шүд” төслийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд “Эрүү, нүүр, шүдний үндэсний төв” байгуулах, шүдний тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас санхүүжүүлэх журам, өвчлөлийн статистикийг цахимжуулах, боловсон хүчнийг бэлтгэх зэрэг олон асуудлыг шийднэ.

АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар “Бид Монголд их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгох, хөгжүүлэхэд анхаарч, шүд, эрүү нүүрний тусламж үйлчилгээг олон улсын түвшинд үзүүлэх “АШУҮИС дент” шүдний эмнэлгийг нээж байна. Шинэ эмнэлэг шүдний сувгийн эмчилгээ, гажиг засал зэрэг бүх төрлийн тусламж үйлчилгээ үзүүлнэ. “Шүд” төсөлд манай эмнэлэг гол ачааллыг авч, иргэдэд үйлчлэхэд бэлэн” гэв.

Тус эмнэлэг нь эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхээс гадна энэ чиглэлээр мэргэшиж буй эмч, мэргэжилтнүүдийг сургах, эрдэм шинжилгээний ажилд ашиглах бааз болно гэж ЭМЯ-наас мэдээлэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *