Б.Чинзориг: Сүүлийн жилүүдэд Эрдэнэт үйлдвэрт 30 хувийн парк шинэчлэл хийгдлээ

 Эрдэнэт үйлдвэрийн Механикийн хэлтсийн дарга, доктор (Ph.D) Б.Чинзоригтой уулзаж, үйлдвэрлэлийн үндсэн тоног төхөөрөмж парк шинэчлэлтийн талаар сонирхсон цөөн асуултад хариулт авлаа.

-Эхлээд та парк шинэчлэлтийн талаар тайлбар өгөхгүй юу?

-Аливаа үйлдвэр парк шинэчлэлтийн талаар авах арга хэмжээг техникийн бодлогынхоо хүрээнд шийдвэрлэдэг. Манай үйлдвэрийн газар ч ялгаагүй,  парк шинэчлэлтийг техникийн бодлогын хүрээнд тодорхойлж мөрдөн ажиллаж байна. Үйлдвэрлэлийн технологийн үндсэн тоног төхөөрөмжийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах нь тэдгээрийн насжилт, элэгдэл хорогдлын түвшнээс шууд хамааралтай байдаг тул шаардлагатай хэмжээнд бүхий л төрлийн засвар үйлчилгээний болон техник шинэчлэлтийн асуудлыг цаг тухайд нь оновчтой шийдвэрлэж байх нь маш чухал юм. Мөн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэх явцад техникийн шинэчлэлийг зохих түвшинд хийдэг.

-Эрдэнэт үйлдвэрт парк шинэчлэлт хэрхэн явагдаж ирсэн бэ?   

-Ер нь уулын баяжуулах үйлдвэр нь тасралтгүй, мөчлөгт үйл ажиллагаатай байдаг тул шат бүрийн, дамжлага бүрийн тоног төхөөрөмжүүдэд найдварт ажиллагааны түвшин өндөр байх шаардлага тавигддаг. Өөрөөр хэлбэл, нэг дамжлага дээр доголдол гарахад технологийн өмнөх болон дараагийн үе шатуудад шууд нөлөөлж, эцсийн бүтээгдэхүүний гарц буурдаг. Тиймээс Эрдэнэт үйлдвэрийн  тоног төхөөрөмжийн шаардлагатай түвшинг барьж ажиллуулах нь Механикийн болон Эрчим зүйн хэлтсийн ажлын гол үндсэн үүрэг, зорилго юм.  Монгол-Оросын хамтарсан үйлдвэр байхад парк шинэчлэлтийг боломжит түвшинд хийж ирсэн. 2012-2014 оны дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралын үед парк шинэчлэлтийн тухайд хөрөнгө мөнгөний асуудлаас шалтгаалан хүндрэл үүссэн. Дэлхийн зах зээл дээр манай үйлдвэрийн бүтээгдэхүүн болох зэсийн үнэ өөрийн өртөгт очсон болохоор бид хөрөнгө оруулалтын ажлыг зогсооход хүрсэн. Энэ үед парк шинэчлэлтийн бодлого тодорхой хэмжээнд алдагдсан. Өөрөөр хэлбэл тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааны түвшин эрс буурсан. 49:51 хувийн харьцаатай төр, хувийн оролцоотой үйлдвэр болоод парк шинэчлэлтийн бодлогын эхлэл дөнгөж тавигдсан байдаг.

-Сүүлийн жилүүдэд парк шинэчлэлт боломжийн хийгдэж байна даа?

-Тийм шүү. Сүүлийн дөрвөн жил буюу 2017-2021 онд үйлдвэрийн хэмжээнд парк шинэчлэлт боломжит түвшинд хийгдэж ирлээ. 2017-2018 онд Эрдэнэт үйлдвэрийн тоног төхөөрөмжийн насжилт 75-90 хувьтай байсан. Үндсэндээ элэгдэл хорогдол ихтэй, тоног төхөөрөмжийн нөөц 10-25 хувьтай явсан гэж ойлгож болно. Энэ үед үйлдвэрийн удирдлагуудад, судалгаанд тулгуурласан тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааны түвшин болон насжилтын асуудлыг тавьснаар хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрт хүрсэн. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагын зүгээс тавьсан  тоног төхөөрөмжийн шинэчлэлтийн асуудлыг  Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар дэмжсэн. Хөрөнгө оруулалтыг шат дараатай хийснээр тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааны элэгдэл хорогдол 40-60 хувьд хүрсэн. Үндсэн технологийн тоног төхөөрөмжийн хувьд  дунджаар нь авч үзвэл 20-40 хувийн

/тухайн тоног төхөөрөмжийн төрлөөс хамаарна/ парк шинэчлэлт хийгдсэн. Парк шинэчлэлт хийхдээ тухайн онд аль тоног төхөөрөмжийг шинэчлэх үү, алинд нь их засвар хийж найдвартай ажиллагааг дээшлүүлэх үү гэдэг дээр оновчтой бодлого барьж ажилласнаар ийм үр дүнд хүрсэн. Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн газрын үндсэн тоног төхөөрөмжийн насжилт дунджаар 50 орчим хувьтай болсон нь  дэлхийн ижил төстэй үйлдвэрүүдийн хэмжээнд хүрснийг онцлох хэрэгтэй.

-Манай үйлдвэр дэлхийн олон үйлдвэрүүдтэй хамтран ажилладаг. Аль улсаас үндсэн тоног төхөөрөмжөө авч техник технологийн шинэчлэл хийж байна вэ?   

-Эрдэнэт үйлдвэрийг олон нийтийн сүлжээнд зөвхөн БНХАУ-ын  тоног төхөөрөмж  авдаг мэт бичих болсон. Гэвч тийм биш. Хятадаас авч байгаа зүйл бий. Ялангуяа бүх төрлийн ган материалыг БНХАУ-аас авдаг. Металлын хувьд стандартад нийцсэн чанартай бүтээгдэхүүн ирж байгаа. Харин  үндсэн тоног төхөөрөмжүүдээ техникийн бодлогын хүрээнд гаднын улс орнуудаас хамгийн чанартайг нь авч үйлдвэрлэлд нэвтрүүлж ирсэн. 2017 онд манай үйлдвэрт 321 үндсэн тоног төхөөрөмж байсан бол 2022 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар  347 болж нэмэгдсэн. Энэ нь үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдсэнтэй холбоотой. Өнөөдрийн байдлаар ОХУ-ын 121, Беларус улсын 46, АНУ-ын 39, Японы  31, ХБНГУ-ын 30, БНХАУ-ын 19, Украйны 19,  Австрийн 14,  Финляндын 13, Солонгосын 10 бусад улсын таван үндсэн тоног төхөөрөмжийг тус тус ашиглаж байна. Эрдэнэт үйлдвэрийн технологийн нийт үндсэн тоног төхөөрөмжүүдийн зөвхөн 5.5 хувийг БНХАУ-ынх эзэлдэг. Тодруулбал, Дулааны цахилгаан станцад тавигдсан 12 Мвт-ын дөрвөн турбин, Ган бөөрөнцгийн цехийн индукцийн зуухны хос шугам, Хаягдлын аж ахуйд цагт 15000 м3 ус шахдаг насосууд гэх мэт БНХАУ-ын  тоног төхөөрөмжийг ашиглаж байна. Бусад үндсэн тоног төхөөрөмжүүд нь нь өөр өөр улсад үйлдвэрлэсэн болохыг дээр хэлсэн. Цаашид үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд тоног төхөөрөмжийн насжилтыг бууруулж, парк шинэчлэлтийн хүрсэн түвшнээ барьж ажиллана.

-Баярлалаа.

Г.ОЮУНТУЯА

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *