“Ногоон санхүүжилт бүс нутгийн чуулган” болж байна

БОАЖ-ын САЙД Б. БАТ-ЭРДЭНИЙН ТАВЬСАН ИЛТГЭЛИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА.

Юуны өмнө та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Ерөнхийлөгчийн тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын Тогтвортой санхүүтийн холбоо зэрэг байгууллагуудын хамтран зохион байгуулж буй “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” арга хэмжээнд оролцож буй та бүхэнд талархалаа илэрхийлье. Миний бие та бүхэнд Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох, түүнийг сааруулах талаархи үндэсний зорилт, санхүүжилтийн механизм, шинэ сэргэлтийн бодлогын асуудлаар илтгэл, мэдээллийг танилцуулах болно.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал нь
– цөлжилт,
– усны нөөц,
– агаарын бохирдол,
– хөрсний бохирдол,
– биологийн олон янз байдлын хомсдол,
– ойжуулалт,
– байгалийн нөөцийн зөв зохистой ашиглалт,
– байгальд ээлтэй технологийн дэвшил,
– ногоон эдийн засаг зэрэг олон асуудлуудын үндэс болж байдаг.
Дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг нэн тэргүүнд тавьж байгаа энэ үед манай улс ч олон санаачлага, гэрээ, конвенцид нэгдэн орж, үүрэг амлалт, зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллаж байна.
Үүний томоохон жишээ нь 2015 онд Парис хотноо болсон Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн Талуудын 21 дүгээр бага хурлаар манай орон Парисын хэлэлцээрийг соёрхон баталсан юм. Тус Парисын хэлэлцээрт 196 орон нэгдэн ороод байна. Парисын хэлэлцээрийн гол зорилго нь дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэмээс хэтрүүлэхгүй барих явдал юм.
Монгол Улс Үндэсний зорилтот хувь нэмрийн баримт бичгийг 2015 онд уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн Талуудад өргөн барьж, хүлэмжийн хийн ялгарлаа 14% бууруулах зорилт дэвшүүлж байсан бол тус зорилтоо 2019 онд ахиулан шинэчилж, Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтоор хүлэмжийн хийн ялгарлаа 2030 гэхэд 22.7%-иар бууруулах үүргийг хүлээсэн.
Тус зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд:
– Салбараар нь авч үзвэл эрчим хүчний салбараас ялгарах хүлэмжийн хийг 49.4%, барилгын салбарт 4.9%, тээврийн салбарт 6.2%, хөдөө аж ахуйн салбарт 31.3%, аж үйлдвэрийн салбарт 7.6%, хог хаягдлын салбарт 0.6% тус тус хүлэмжийн хийг бууруулах үүрэг, зорилтыг тавиад байна.
Эрчим хүчний салбарт сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр ашиглах, эрчим хүчний үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, барилгын салбарын голлох үйл ажиллагаанд Улаанбаатар хотын гэр хороололд сайжруулсан түлш хэрэглэх, Улаанбаатар хотын угсармал орон сууцыг дулаалах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Харин хүлэмжийн хийг бууруулахад зам тээврийн салбарт Евро-5 стандартын шатахуунд шилжих, нүүрс экспортлох, тээврийг авто тээврээс төмөр замын тээвэрт шилжүүлэх, зорчигчийн вагоныг цахилгаан халаалтад шилжүүлэх зэрэг ажлуудыг багтаасан байна.
Дараагийн хүлэмжийн хийг бууруулахад чухал салбар болох ХАА-н салбарын хувьд малын тоо, толгойн хэмжээг зохицуулах, бууруулах болон малын өтөг, шивэхийн менежментийг боловсронгуй болгох, аж үйлдвэрийн салбарт үйлдвэрийн эрчим хүчний хэмнэлт, цементийн үйлдвэрүүдийн хаягдал дулааныг ашиглах, цементийн үйлдвэрлэлд нунтаг үнс ашиглах, нүүрсний уурхайн метаныг ашиглах, хог хаягдлыг дахин боловсруулах, цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулж ажиллах юм.
Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтод ойн шингээлтийг оролцуулбал 44.9%-иар бууруулах боломжтой байна.
Хүлэмжийн хийг бууруулах төлөвлөгөөнд орсон үндсэн 6 салбаруудаас гадна нийгмийн эрүүл мэнд, халамж үйлчилгээ, гамшгийн бэлэн байдал болон байгалийн нөөцийн удирдлагын салбарүүд ихээхэн манлайлал үзүүлж ажиллах хэрэгцээ гарч байна.
Монгол Улс Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтоо хэрэгжүүлэхэд нийт 11.5 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн тооцоолол бий. Үүнээс уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах буюу хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлд 6.3 тэрбум ам.доллар, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход 5.2 тэрбум ам.доллар шаардлагатай.
Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтоо хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг БОАЖЯ-аас 2021 онд баталсан. Энэ нь 2021-2025 оны хооронд нийт 3 чиглэлээр 24 зорилтын хүрээнд 72 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Өнөөдрийн ногоон санхүүжилтийн механизмтэй уялдаж байгаа нэг гол олон улсын санхүүжилтийн механизм бол уур амьсгалын санхүүжилтийн механизмууд юм.
Тухайлбал: Уур амьсгалын санхүүжилтийн олон улсын эх үүсвэрээр конвенцийн санхүүжилтийн механизмууд байна. Энд тухайлбал,
– Конвенцийн санхүүжилтийн механизмүүд болох Уур амьсгалын ногоон сан, Дасан зохицох сан, Даян дэлхийн байгаль хамгаалах сан зэрэг болно.
Хоёрт талт санхүүжилтийн механизмүүдэд Монгол Японы хамтарсан кредит олгох механизм багтдаг.
Бусад санхүүжилтийн эх үүсвэрүүд ч бас бидэнд олон боломж, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна.
Өнөөдрийн байдлаар, Монгол улс нь Уур амьсгалын ногоон сангаас 440 орчим сая ам.долларын санхүүжилт бүхий нийт 20 төсөл, хөтөлбөрүүдийг батлуулсан байна. Үүнээс 70 сая ам.доллар нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах арга хэмжээнд чиглэсэн бол 23 сая ам.доллар нь дасан зохицох арга хэмжээнд чиглэсэн байна. Харин 342 сая ам.доллар нь сааруулах болон дасан зохицох арга хэмжээг хослуулсан төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлж байна. Энэхүү санхүүжилтийн нийт дүн бидний зорилтыг хэрэгжүүлэхэд 13 хувийг л эзэлж байгаа болно.
Уур амьсгалын ногоон сангаас Монгол Улсад одоогоор хэрэгжиж байгаа болон батлуулсан нийт хөрөнгө оруулалтын төслүүдийг та бүхэн харж байна. Эдгээр 10 төсөл, хөтөлбөрөөс өнөөдрийн байдлаар 7 төсөл нь хэрэгжиж эхэлсэн байдалтай байна.
Түүнчлэн Уур амьсгалын ногоон сан нь итгэмжлэгдсэн байгууллагаар дамжуулан төсөл, хөтөлбөрүүдээ хэрэгжүүлдэг.
Монгол Улсын хувьд өнөөдрийн байдлаар Хас Банк болон Худалдаа Хөгжлийн Банк нь Уур амьсгалын ногоон сангийн итгэмжлэгдсэн байгууллагууд болсон.
Тухайлбал: ХасБанк нь 2016 онд Уур амьсгалын ногоон сангийн итгэмжлэгдсэн байгууллага болсноос хойш, одоогийн байдлаар нийт 4 төсөл, хөтөлбөрүүдийн саналыг Уур амьсгалын ногоон санд хүргүүлэн батлуулж, хэрэгжүүлэн ажиллаж байна.
Мөн Уур амьсгалын ногоон сангийн олон улсын итгэмжлэгдсэн байгууллагуудаас Азийн Хөгжлийн Банк, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, Нидерландын Хөгжлийн Банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр зэрэг байгууллагууд томоохон төслүүдийг Монгол Улсад хэрэгжүүлж байна.
БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын урьдчилсан төлөвлөлтөөр 300,000 орчим га талбайд ойжуулалтын ажлыг зохион байгуулснаар хэрэгжилтийн явцад буюу 2022-2030 онд 57 сая тонн нүүрсхүчлийн хийтэй дүйцэхүйц хэмжээний хүлэмжийн хийг бууруулах боломжтой байна гэж харагдаж байгаа юм.
Харин ойжууулалт хийгдсэнээс 10 жилийн дараа энэ тоо нь 64 сая тонн болж, 20 жилийн дараа 82 сая тонн болж өсөх тооцоолол хийгдсэн.
Ойн хүлэмжийн хийн шингээлт нь цаг хугацаа өнгөрч, ойн насжилт ихсэх тусам шингээлтийн хэмжээ нь нэмэгдэж урт удаан хугацаанд хадгалдаг онцлогтой.
Манай судлаачид шилмүүст ойн бүсэд ойжуулалтын ажлыг хийх тохиромжтой газрыг судалж, тодорхойлсон байдаг. Тус талбайд нэмж ойжуулалт хийснээр байгалийн ойг тэлж, хүлэмжийн хийг шингээх боломж илүү бүрдэнэ гэж дүгнэсэн байдаг.
Нэмэлт хувилбараар авч үзвэл хамгийн багадаа 114 мянган га талбайд шилмүүст ой тарихад 2022-2030 онд 10 сая тонн нүүрсхүчлийн хийтэй дүйцэхүйц хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломжтой байна. Цаашлаад 880 гаруй мянган га талбайд ойжуулалт хийх боломжтой гэж харагдаж байна.
УИХ-аар батлагдсан ”Шинэ сэргэлтийн бодлого”-ын хөгжлийн томоохон төсөлд усны нөөцийг хуримтлуулж, говийн бүсийн ус хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлэх “Хөх морь” төсөл багтсан. Төслийн хүрээнд Монгол орны гадаргын усны хуримтлал бий болгох, урсцын тохируулга хийх замаар усны нөөцийг нэмэгдүүлэх техникийн төсөөллийг 33 байршилд тодорхойлж, 10 байршлыг сонгоод байна.
Улсын хэмжээнд жилд дунджаар 390 мянга гаруй тонн аюултай хог хаягдал үүсч байна. Иймд “Ногоон хөгжлийн сэргэлт”-ийн хүрээнд Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж жилд 10.000 тонн хаягдал боловсруулж, 8000 тн аюултай хог хаягдал хадгалах, 14МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ.
Та бүхэнд дүгнэж хэлэхэд:
Санхүүгийн хувьд:
• Уур амьсгалын санхүүжилтийг тэргүүлэх ач холбогдол бүхий салбаруудад чиглүүлж, чадавх бүрдүүлэхийн тулд гадны тусламж дэмжлэгт хамрагдахаас гадна дотоод нөөц бололцоог бүрэн дайчлах,
• Карбоны зах зээлийн орчин бүрдүүлэх,
• Санхүүгийн урсгалыг ил тод болгож, бүртгэл хяналтын тогтолцоог шинээр бий болгох,
Техник технологи, арга зүйн хувьд:
• Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг байдал, эрсдэл, нөлөөллийг үнэлэх, мэдээллийн боловсруулалтын тогтолцоо бүрдүүлэх
• Хүлэмжийн хийн ялгарлын бууралт, давхар үр ашгийг тооцоолж, үнэлэх үндэсний арга зүй боловсруулж, хэрэгжүүлэх
• Уламжлалт мэдлэг, орчин үеийн инноваци, технологийг оновчтой хослуулах
Хүний нөөцийн хувьд:
• Холбогдох яамд, агентлагт мэргэшсэн боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх, тэдгээрийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх
• Иргэд, олон нийтэд уур амьсгалын өөрчлөлтийн шалтгаан, түүнд дасан зохицох боломжит хувилбаруудын талаар мэдлэг олгох
Эрх зүйн зохицуулалтын хувьд:
• Уур амьсгалын өөрчлөлтийн эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх,
• Байгаль орчны одоо мөрдөгдөж буй хуулиудад улс орны хөгжлийн шинэ үе шатанд нийцсэн нэмэлт, өөрчлөлт оруулах,
• Төрийн зарим зохицуулалтыг төрийн бус мэргэжлийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудад шилжүүлэх,
• Хяналтын тогтолцоог иргэдийн идэвх санаачилга, хариуцлагад тулгуурлах зарчим руу шилжүүлэх.
Үр дүнгийн тайлагналтад:
• Хүлэмжийн хийн ялгарлын тооллого, тооцоо хийх, тайлагнах, өөрчлөлтийг мөрдөх, хариу арга хэмжээ авах хэвшсэн тогтолцоог бий болгох,
• Уур амьсгалын өөрчлөлтийн хяналт шинжилгээнд олон улсын хэмжээнд мөрдөж буй хэмжих, тайлагнах ба нотлох системийг нэвтрүүлэх,
• Чанарын хяналт/Чанарын баталгаа зэрэг шинэ арга, аргачлалыг цаг алдалгүй нэвтрүүлж, харилцан тайлагнах тогтолцоог бүрдүүлэн ажиллах зэрэг болно.
Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *