“ЗГ газрын тосны бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг 5 хүртэл хувьд зохицуулна”
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. Тэрбээр “Олон Улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй, гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстолоос сэргийлэх, нөлөөллөөс бууруулах тухай хуулийн төслийг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэж, өргөн барих нь зүйтэй гэж шийдлээ. Тодруулбал, Коронагийн дараа нөхцөл байдал сайжирна гэж тооцоолж байсан ч Орос, Украины зэвсэгт мөргөлдөөн нөлөөлж байна.
Манай улсын хувьд эдийн засгийн өсөлт удаашралтай байна. Тиймээс ОХУ-ын экспортын голлох бүтээгдэхүүн болох байгалийн хий, газрын тос, үр тарианы үнэ дэлхийн зах зээлд огцом өсч, нийлүүлэлтийн тасалдал үүсэх эрсдэл бий болсноор импортлогч орнуудад шатахуун, хүнсний бүтээгдэхүүний үнэд хүчтэй нөлөөлж байна.
Засгийн газрын хуулийн төсөл өргөн барьснаар 8 чиглэлийн арга хэмжээ авна.
1. УИХ, Засгийн газар, Төв банк, хувийн хэвшлийнхэн нийгмийн ямар хариуцлагатай оролцох вэ гэдгийг тодорхой болгосон.
2. Монголбанкны хувьд мах, гурлын нөөц бүрдүүлэх, газрын тосны бүтээгдэхүүн импортлогчийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрт шаардлагатай хөнгөлөлттэй санхүүжилтийг харьцдаг банкуудаар нь дамжуулан банкны эх үүсвэрийг дайчлах.
3. Монголбанкнаас гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор банкаар дамжуулан алт олборлогч ААН-үүдэд эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг олгож, Лондонгийн металийн биржийн үнийг 5 хувийн нэмэгдэлтэйгээр дотоодын зах зээлээс алт худалдан авах
4. Засгийн газраас мах, гурил, газрын тосны бүтээгдэхүүний хомстол үүсэхгүй байх арга хэмжээ авах, цогц төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх, газрын тосны бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварыг 5 хүртэл хувьд зохицуулалт хийх эрхийг ЗГ-т олгох
5. Засгийн газраас мах, гурилын нөөц бүрдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход шаардлагатай хүүгийн татаасыг жилийг батлагдсан нэгдсэн төсвийн зардлын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөгч захирагч хооронд хөрөнгийн болон урсгал зардлын хооронд төсвийн зохицуулалт хийж шийдэх гэх мэт 8 чиглэлд ажиллана.
А.ЭНХЖИН