Э.Бат-Амгалан: Би архи уудаггүй. Миний найтааж байгаа зургийг хараад буруу ойлгоод байна
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Байнгын хорооны хуралдаанд согтуу оролцож Б.Пүрэвдорж гишүүнтэй маргалдаж заналхийлсэн тухай мэдээлэл гарсан.
Энэ талаар УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, “Нийгмийн сүлжээнд гараад байгаа энэ асуудалд тайлбар өгөхгүй бол болохгүй байна. Сүүлийн хоёр өдрийн хугацаанд ийм асуудлууд үүссэн. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд хоёр дахь өдөр суусан. Би огт архи амсдаггүй. Үүнийг намайг таньдаг эргэн тойрны хүмүүс бүгд мэдэж байгаа. Хэрэв архи уусан бол уучлалт гуйх чадвар надад байгаа.Б.Пүрэвдорж гишүүнтэй тодорхой асуудлаар маргалдсан нь үнэн. Бага зэрэг чанга дуугаар ярьсан. Бидний дунд хувийн янз бүрийн асуудал байхгүй. Ажил хэргийн бага сага маргаан гарсныг нийгмийн сүлжээнд тавьж, ганц нэг зураг оруулсан байна лээ. Эзнийг нь олно гэж бодож байгаа.Намайг яагаад согтуу байсан гэх яриа гарсныг мэдэхгүй. Ёстой архи уудаггүй хүнийг архи уудаг гээд байх юм. Улс төр юм болов уу гэж бодож байна. Намайг архи уудаг, уудаггүйг манай тойргийн нөхөд, иргэд, сонгогчид бүгд мэдэж байгаа. Би хүний өмнө айж, ичээд байх зүйлгүй, өөрийнхөө санасан бодсоноо шулуухан хэлдэг зантай. Зарим нэг хүний дургүйг хүргэдэг асуудал байхыг үгүйсгэхгүй” гэсэн юм.Б.Пүрэвдорж гишүүнтэй маргасан шалтгааны талаар “Хууль зүйн байнгын хороог Ардчилсан Намынханд өгөх талаар Б.Пүрэвдорж гишүүн ярьж байна. Тиймээс энэ асуудал хууль дэгтэй, олонхоор ялаад аваарай гэдгийг хэлсэн. Үүний улмаас маргасан” гэлээ.