Малынхаа саравчинд май тавьж байхдаа гал алдаж 450 бог мал шатжээ
Энэ сарын 9-ний өдөр буюу өнгөрсөн амралтын өдөр Хэнтий аймагт гал түймэр гарч, олон тооны бог мал шатжээ.
Тодруулбал, тус аймгийн Хэрлэн сумын иргэн 59 настай малчин Г-ын малын саравчинд гал гарч, саравчинд байсан 450 тооны бог мал шатсан байна.
Галын шалтгааныг тодруулахад, малчин Г-ынд туслах малчнаар ажилладаг иргэд малын саравчинд май тавьсан гэх бөгөөд майг бүрэн унтраагаагүйгээс гал алдсан болох нь тогтоогджээ.
Түүнчлэн мөн амралтын өдөр Сэлэнгэ аймагт айлын өвөлжөө шатаж, 200 боодол өвс, 67 тооны бог мал шатсан хэрэг гарчээ. Хэргийг Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газраас шалгаж байгаа ба галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.
Жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрөөс зургаадугаар сарын 10-ны өдөр, есдүгээр сарын 20-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу “Түймрийн аюултай үе” гэж үздэг.
Иймд, иргэн та ногоон бүсэд зорчихдоо асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтрааж галын аюулгүй байдлаа хангах, айл өрхүүд халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.