Сэлэнгэ голын усанд автомашинтайгаа унасан иргэдийг гаргахаар ажиллаж байна
Төөрсөн, сураггүй болсон: Булганаймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 134 км, сумын төвөөс баруун хойд зүгт 24 км, Хялганат тосгоноос баруун зүгт 35 км/ “Портер” загварын автомашин дотроо гурван зорчигчтой “Сэлэнгэ” голын усанд унасан байж болзошгүй тул дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 04.12-ны өдрийн 12:53 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид 134 км замыг туулан 14:56 цагт очиж “Портер” загварын автомашинтай иргэн С /47 настай, эрэгтэй/, О /47 настай, эмэгтэй/, Б /6 настай, эрэгтэй/ нарыг “Сэлэнгэ” гол, “Харлагын голын адаг” гэдэг газраас зүүн зүгт “Номт” гэдэг газар хүртэл 8 км-т усаар завьтай урсаж, голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:49 цагт түр зогсоосон. 04.13-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлнэ. Хангал сум дахь Сум дундын Цагдаагийн тасгийн даргаар ахлуулсан алба хаагчид, орон нутгийн иргэд, ар гэрийн хүмүүс тус тус ажилласан.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар