Б.Жавхлан : “Кью Эс Си” компанийн “Хөгжлийн банк”-наас авсан зээлийг төсвөөс төлөхгүй
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг концессийн гэрээгээр эзэмшиж буй “Кью Эс Си” компанитай байгуулсан гэрээг цуцлах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Хөгжийн банкнаас “Кью Эс Си” компанийн авсан зээлийг төсвөөс төлөхгүй. Тухайн үед ямар төсөл хэрэгжүүлж, ямар эдийн эргэлтээр энэ зээлээ төлнө гэж авсан бэ тийм байдлаар зээлээ төлөх ёстой. Хэрэв анхнаасаа төсөл хөтөлбөрөө буруу зөрүү хийж, Хөгжлийн банкнаас алдаа гаргасан бол хариуцлага хүлээх ёстой. Ирэх жил Хөгжлийн банкнаас төлөх ёстой Самурай бонд бий. Энэ бондын төлбөрийг төрөөс төлөх эрсдэлд орохгүйн тулд Засгийн газар санаачилгатай ажиллаж байгаа” гэж мэдэгдлээ.