|

Д.Болор-Эрдэнэ: Үр дүнд суурилсан сургалтын шинэ хөтөлбөрөөр хичээллэж байна

 Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн сургалтын албаны дарга Д.Болор-Эрдэнэтэй уулзаж ярилцлаа.

-Таны амьдрал Эрдэнэт хоттой салшгүй холбоотой явж ирсэн. Эрдэнэтэд сурч боловсорч, өссөн таны гэгээн дурсамжаар ярилцлагаа эхэлье? 

-1975 онд би Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Манай ээж, аав хоёр намайг нэг настай, нялх үстэйд Эрдэнэт хотод шилжиж ирсэн байдаг. Миний төрсөн газар Завхан, өссөн газар Эрдэнэт хот. Манайх анх илгээлтийн эздийн Говилын брак байшинд амьдарч байлаа. Тэгээд нэгдүгээр хорооллын зургаан байрны нэгэнд орсон. Тухайн үед ганц монгол айл манайх байв. Орос ажилчдын хүүхдүүдтэй тоглож өссөн. Эргээд харахад миний үеийнхэн бүгд орос найзуудтай байж. Энэ утгаараа орос хэл сайн сурсан. Сүүлд “Амазонк” болсон газар хагас боловсруулсан бүтээгдэхүүн зардаг дэлгүүр байлаа. Тэндээс оросуудын маш гоё барьсан талх, нарийн боов авна. Бид эхээс тавуулаа болохоор оросууд, ийм олон хүүхэдтэй юм уу, гээд л их гайхна. Өөрсдөө цөөхөн хүүхэдтэй болохоор. Эрдэнэт цэвэрхэн хот. Энэ нь оросуудын найрсаг зан, соёл, зөв хэрэглээнээс суралцсантай холбоотой. Орос хүүхдүүдийн тэжээсэн нохойтой тоглож, цэцэг тарихыг нь харж өссөн. Сайхан дурсамж сэтгэлд үлдэж дээ.

-Өссөн энэ хотдоо ажиллаж амьдрахдаа та юу хийж, бүтээж явна вэ?

-Эрдэнэт хотоороо их бахархдаг. 2013 онд би “Эрдэнэт хотын агаарын бохирдол” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Ийм сайхан хотод өссөн болохоор өөрийн хийж чадах ажлаа барьж авсан нь энэ. Эрдэнэтийн сүүлийн таван жилийн агаарын бохирдолд судалгаа хийсэн. 2012 оны энэ судалгаагаар зөвшөөрөгдөх стандарт хэмжээнээс даваагүй ч нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан. Зөвшөөрөгдсөн стандарт хэмжээнээс давах гээд байгаа учраас тоосонцор хэмждэг багаж төхөөрөмжтэй болж, мониторингийн судалгаа хийх зөвлөмжийг Орхон аймагт өгсөн. Мөн аймгийн мастер төлөвлөгөө боловсруулсан. Энэ төлөвлөгөөний дагуу агаарын бохирдлын судалгаа өнөөг хүртэл явж байна.

-Таны багын хүсэл мөрөөдөл юу байв. Багш болсон замналаасаа ярина уу?

-Би багадаа эмч болохыг их мөрөөддөг байсан. Тэр үед математик, хими, орос хэлний шалгалт өгдөг байлаа. Хүссэн хуваариа авч чадаагүй л дээ. Гэвч хүний хувь заяа сонин юм билээ. Багшийн их сургуулийн физикийн ангийг улаан дипломтой төгссөн. Багш болох л одонд төржээ, гэж хожим бодох болсон шүү. Дээд сургуулиа төгсөөд магистрын зэрэг хамгаалсан. “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд шалгуулж, физикийн үндсэн багшаар ажилд орсон. Ингэж Эрдэнэт үйлдвэртэй, энэ их сургуультайгаа хувь заяагаа холбосон түүхтэй. Оюутны ширээнээс дөнгөж салаад ирэхэд намайг “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд багшаар авсан удирдлагууд болон үе үеийн багш нартаа баярлаж явдаг. Эдгээр хүмүүсийн хүчинд би өдий зэрэгт хүрсэн. Одоо өөрөө залуу үеийнхнийг сурган хүмүүжүүлээд явж байна. Манай сургууль бүх шатны сургалттай. Өөрөөр хэлбэл, ахлах сургуультай, бакалавртай, мэргэжлийн сургалттай, магистртай. Энэ сургалтуудаас төрөн гарсан 4000 шавь надад байна. Багш мэргэжлийг их сонин хувь заяагаар эзэмшсэн гэж боддог. Одоо 23 дахь жилдээ багшилж байна.

-Та ямар асуултыг асуугаасай гэж бодож байна?

 -Аав, ээж хоёроо дурсмаар санагдаж байна. Миний аав Сандагийн Доржжав Эрдэнэтэд Онцгой байдал буюу Гал командын ажилтнаар ирж ажилласан байдаг.  Дараа нь Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Ээж Ламжавын Даваажаргал Худалдааны байгууллагад хүнсний тасгийн эрхлэгчээр олон жил ажиллаад гавьяаны амралтдаа суусан хүн. Аав маань их нямбай. Миний ээж их тайван, хүнтэй эелдэг харьцаатай. Ийм шинж чанаруудыг нь би өвлөж авсан. 2005 онд манай оюутнууд намайг “Нямбай багш”-ийн номинацид шалгаруулсан. Үүнийг би голчтой юм уу гэж боддог. Энэ нь миний нэг давуу чанар байж болох юм. Тус сургуулийн захирал Ж.Лхагвасүрэн агсан, оюутнууд яаж Болороогийн нямбайг мэдээд байна аа, гэж билээ. Миний нөхөр, “Багш хүн олны өмнө гоё байх ёстой” гэсэн шаардлагыг надад тавьдаг. Гоо сайхандаа анхаарах боломж олгож байна гэсэн үг. Хүү хүртэл ээжээ та үсчин рүүгээ яв гэх жишээтэй. Гэр бүлийн дэмжлэг бол том соёл. Таны тавьсан энэ асуултад ийм хариулт өгье.

-Та шавь нартаа юу гэж захидаг вэ?

-Нэгдүгээрт, цаг барь гэсэн шаардлага тавьдаг. Хоёрдугаарт, хүнтэй зөв харьц, хүндэлж сайхан хувцасла гэдэг. Багш хүн хичээлээр онолын мэдлэг олгохоос гадна хүн чанар, зөв хандлагыг шавь нартаа төлөвшүүлэх үүрэгтэй.

-Та Эрдэнэт үйлдвэрийн шилдэг мэргэжилтэн. 23 жилийн хугацаанд таны хийж бүтээсэн хамгийн гол ажил юу вэ?

-Манай сургууль 2017 оноос ISO 9001 стандарт хэрэгжүүлсэн. Үүний хүрээнд сургалт менежмент өөрчлөгдөөд CDI буюу үр дүнд суурилсан сургалтын аргад шилжсэн юм. Мэргэжлийн хэллэгээр тонгоруу арга. Ийм сургалтын арга, аргачлалыг нэвтрүүлсэн ажлыг үнэлж, намайг Эрдэнэт  үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга ажилтнаар шалгаруулж байлаа. Тэгэхээр дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед танхимын сургалт ямар их ач холбогдолтойг бид харлаа. Өөрөөр хэлбэл хүмүүст их юм мэдрүүллээ. Эмч хүн нэгдүгээрт байна. Хоёрдугаарт, багш маш хэрэгтэй болохыг хүн бүр ойлгох шиг боллоо. “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн үйл ажиллагааг үнэллээ. Тухайлбал, хоёр жил танхимын сургалтыг цахим болгон явууллаа. Ингэхийн тулд багш, оюутнууд шинэ арга барилд суралцлаа. Тэгэхээр үр дүнд суурилсан сургалтын хүрээнд  оюутнууд төгсөөд ямар хүн болох вэ, ямар мэдлэг чадвартай байх вэ, ямар чадамж эзэмших вэ, гэх мэтээр “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийг үнэлсэн үнэлгээгээр намайг шилдэг мэргэжилтнээр шалгаруулсан гэж бодож байна. Амьдрал дээр цахимын сургалт танхимаа гүйцдэггүй болохыг мэдсэн. Танхимын сургалт амьд харилцаан дээр явдаг болохоор тухайн оюутнуудад их өгөөжтэй. Би гэхэд л сэтгэлдээ самбараа төсөөлж, оюутнуудаа санаад эхэлж байх жишээтэй. Танхимын сургалт нь мэдлэг олгохоос гадна харилцаа хандлагыг хүнд өгдгийг ойлгосон байх.

-Шинэ стандарт хэрэгжүүлснээр сургалтын ямар ахиц дэвшил гарч байна. Цаашдын зорилт юу вэ?

-Манай сургууль үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд хичээл болгон бүлэг сэдвийн төлөвлөлттэй, даалгаврын сангийн зургаан түвшинтэй болсон. Өөрөөр хэлбэл, тонгоруу аргаар оюутнуудад хичээлийг нь платформоор цахимд байршуулж байгаа. Өмнө нь, оюутнууд танхимаар хичээллэхдээ ойлгомжгүй зүйлээ асууж тодруулдаг, багш төвтэй сургалт явдаг байсан. Одоо шавь төвтэй болсон. Оюутнуудаар бие даалган хичээлийг нь хийлгэж мэдлэгийг нь шалгаад явж байна. Энэ мэт орчин үеэ дагаад сургалтын чанарт өөрчлөлт орсон. Тэгэхээр орчин үеийн багш ганц хичээл заахаас гадна эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх ёстой. Докторын зэрэгтэй байж, төсөл хөтөлбөрт хамрагдана. Сургалтын арга нь орчин үеийн техник технологиос хамаараад өөрчлөгдөж байна.

-Таны сэтгэлдээ ургуулж, хүмүүст хэлдэг ямар үг, сургаал байна вэ?

-Миний бие сургалтын албаны даргаар таван жил ажиллаж байна. Гэвч би багш мэргэжилдээ хайртай. Багшлах дуртай. Одоо ч би багшлаад явж байна. Багш аа, гээд дуудахаар хүндлэлтэй гоё сонсогддог. Иймээс би оюутнууддаа нэгдүгээрт, амьдралын зөв хэвшлийг дадуулахыг захидаг. Өглөө бүр өлөн элгэн дээрээ гурван аяга ус ууж сур. Юм идэхгүй битгий хоосон гар гэдэг. Хоёрдугаарт, баярлалаа гэж хэлж сур. Энэ бол том соёл. Гуравдугаарт, хүнтэй сайхан мэндэлж сураарай гэдэг. Манай сургууль ISO стандарт хэрэгжүүлсний хүрээнд мэндлэх соёл нэвтрүүлсэн байгаа. Аливаа хүнийг мэдлэгтэй юу, үгүй юу гэхээс урд, харилцаа хандлага соёлыг нь хардаг. Тэгэхээр хүнтэй мэндлэх, уучлалт гуйх, талархах нь том соёл юм даа. Хүн сурч дуусдаггүй. Багш мэдлэг өгөхийн хэрээр зөв хандлагыг хүнд зааж сургах ёстой. Сүүлийн гурван жил цахим сургалт түлхүү орсноос энэ хандлага алдагдах гээд байна. Иймээс манай сургууль сургалтын хөтөлбөртөө “Амьдрах ухаан” гэдэг хичээл оруулсан. Энэ хичээл ШУТИС-ийн хөтөлбөрт байхгүй. Манай сургуульд хичээл заадаг багш бүр эхлээд төлөвшлийн долоон санамж хэлдэг. Оюутнууддаа амьдралын зөв хэвшил суулгах үүднээс. Эдгээр оюутнуудыг төгсөөд хаа нэг газар очиход “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн бүтээгдэхүүн гэж ярина. Тэгэхээр бид харилцаа хандлагын хичээл давхар зааж байна.

-Эрдмийн зэрэгтэй багш нар залуучуудаа хэрхэн дэмжин ажиллаж байна вэ?

-Магистрын оюутнуудаа доктор болгочих санаатай ажилладаг. Миний зөвлөснөөр хоёр хүн доктор хамгаалсан. Мөн нэг хүний эрдмийн ажлын зөвлөх багшаар ажиллаж байна. Бид докторын зэрэгтэй учраас бусдад зөвлөн туслах үүрэг хүлээдэг. Хэн нэгэн  туслаач гэхэд бидэнд үгүй гэх эрхгүй. Ер нь зав багатай ажилладаг. Нэг нь танаас багшаа зөвлөгөө авъя гэхэд хичээл заагаагүй ч эрдмийг түгээн дэлгэрүүлэгч учраас тэр бүхэнд хувь нэмрээ оруулж, улс эх орондоо нэг ч болов чанартай эрдэмтэн төрүүлье гэсэн утгаар орчин үеийн чиг хандлагатай хөл нийцүүлж ажилладаг. Эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дур сонирхолтой болоход нь тус нэмэр больё гэж боддог. Мөн хүний бүтээлийг хуулбарлахгүй, ёс зүйтэй хувь хүн болгон төлөвшүүлэх, зөв харилцаа хандлагад нь анхаарал хандуулж ажилладаг даа.

-Танай сургууль материаллаг бааз сайтай. Энэ бол маш том давуу тал. Тийм үү?

-Санал нэг байна. Манай сургуулийг Эрдэнэт үйлдвэрийн дэргэд үйл ажиллагаа явуулдгийг хүн бүхэн мэднэ. Энэ утгаараа Эрдэнэт үйлдвэр гэдэг маш сайн аавтай. ШУТИС-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг учраас бас мундаг ээжтэй гоё сургуулиараа бахархдаг. Тэгэхээр материаллаг бааз, лаборатори, хангамжаараа Монголдоо нэгдүгээрт орох сургууль. Хоёрдугаарт, үр дүнд суурилсан сургалтыг бүх хичээлийн хувьд шинэчилж чадсан. Энэ үзүүлэлтээрээ манлайлж яваа. 2021 онд 16 сургууль цахимаар сургалт зохион байгуулж үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөрийг хэрхэн яаж хэрэгжүүлж буйг сургуулиудаас жишээ авсан. Тэгэхэд манай сургууль гурван удаа сонгогдсон. Бүх багш нар нь хичээлээ шинэчилж, хөтөлбөрөө боловсруулан даалгаврын сангаа гаргасан байна гэдэг дээр санал нэгдсэн. Гуравдугаарт, манай сургуулийн оюутнууд цалинтай. Энэ нь юу гэсэн үг вэ, гэвэл багшийн туслах хийж, оюутныхаа байранд ажиллаж болно. Оюутнуудтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулан номын сан, спорт зааланд ажиллуулан цалинжуулах боломжтой. Дөрөвдүгээрт, манай сургуулийг 3.2-оос дээш үнэлгээний голч дүнтэй төгсвөл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллах эрх бүхий, Ерөнхий захирлын нэрэмжит батламж гарддаг давуу талтай. Энэ нь тухайн оюутанд олдож буй том боломж. Монгол Улсын Баатар Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тус сургуулийг батламжтай төгссөн оюутнуудыг ажлын байраар хангаж буй нь бахархал юм.

-Баярлалаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *