Алслагдсан сумын иргэдэд зориулан автомашин, автобус, вагон зэрэг хөдөлгөөнт амбулаториуд ажиллана
Монгол Улсын бүх иргэнийг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажил өнөөдрөөс эхэлж байна.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Өнгөрсөн хугацаанд цар тахлын нөхцөл байдалтай байсан хэдий ч эрүүл мэндийн салбар гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжиж, салбарынхан маань хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх боломжтой боллоо.
Мөн урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийг өргөн хэмжээнд, улс даяар зохион байгуулах бэлтгэл ажлуудыг зохион байгуулж өнөөдөр эхэлж байгаад баяртай байна.
Зөвхөн анхан болон лавлагаа шатлалын эмнэлгүүдээс гадна алслагдсан сумын иргэдэд зориулан автомашин, автобус, вагон зэрэг хөдөлгөөнт явуулын амбулаториуд ажиллах бөгөөд эхний ээлжийг өнөөдөр үдэн гаргаж өглөө.
Ард иргэд, иргэн бүр хамрагдаж чадвал бид хэдхэн жилийн дараа хамтдаа үр дүнг нь үзэх болно” хэмээн өөрийн албан ёсны цахим хуудсаараа мэдээлжээ.