С.Болормаа агсны шүүх хуралдаанд өмгөөлөгч нар биеэр оролцох хүсэлтээ гаргажээ
С.Болормаа агсны шүүх хуралдаанд өмгөөлөгч О.Баярбаясгалан, Ц.Энхболд нар биеэр оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Хэргийн шүүх хурал өмнө нь хоёр удаа хойшлогдож, энэ сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдоод байна.
Тодруулбал, өмгөөлөгч нар Говь-Алтай аймагт долоо хоногийн өмнө очиж гэрийн тусгаарлалтад орсоны дараа шүүх хуралд оролцох боломжтой гэдэг шийдвэрийг аймгийн онцгой комиссоос гаргасан байна. Тийм учраас Улаанбаатар хотод байгаа тухайн хоёр өмгөөлөгч энэ товлогдсон шүүх хуралдааныг орхиж, долоо хоног гэрийн тусгаарлалтад оролцох боломжгүй байгаа учраас Говь-Алтай аймгийн онцгой комисс болон Улсын онцгой комисст хүсэлт гаргасан байна.
Хэргийг эргэн сануулахад, өнгөрсөн жил буюу 2020 оны хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан С.Болормаа амиа алдсан хэрэг гарсан. Говь-Алтай аймгийн засаг дарга асан В.Рэнцэндорж болон Б.Лхагважаргал, Э.Мэндсайхан нар яллагдагчаар татагдаад буй юм.